БАЯН-ӨЛГИЙ: Малчид шуурганд өртөж олон тооны малаа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид энэ сараас эхлэн 150-200 км зайд хаваржаандаа нүүж байгаа.
Тус сумын 3 дугаар багийн иргэд болох Жолаушыбай, Жанейхан нар энэ сарын 11-ний өдөр Тал булгийн өвөлжөөнөөс Даян багийг зорин нүүж яваад Харганат хэмээх газарт цасан шуурганд өртжээ.
Малчид Харганат дахь Улаанхус, Сагсай сумын иргэдийн малаа хоноглуулан өнгөрөх буудлын орчимд цас, мөсөнд боогдон гацсанаас 70 орчим малаа алдсан байна.
Сагсай сумын удирдлагууд мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажиллаж, үлдсэн малыг мал хоноглон өнгөрөх буудалд хүргэж өгчээ. Мөн Хар нуурын мөсөн дээр гацсан Уаз-469 машиныг цаснаас гаргасан байна.
Албаны хүний өгсөн мэдээллээр шуурганы улмаас хүний аминд хохирол учраагүй ажээ.
Ташрамд
сануулахад, энэ сарын 11,12-ны өдрүүдэд тус аймгийн Өлгий, Ногооннуур, Дэлүүн,
Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл сум болон Сагсай сумын Даян багийн
нутгаар салхины хурд аюултай хэмжээнд буюу 16-24 м/с-д хүрч шуурсан юм.