“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-28 10:16:06

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриа дор гуравдугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10 хүртэл орон даяар өрнүүлнэ.


Хүүхэд, залууст санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэ аяны үр нөлөөг Монголын хүүхэд, залууст хүргэх, тэднийг хамруулахад хамтрагч байгууллагын идэвх санаачилга чухал тул нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байгууллагууд хамтран ажиллах боломжтойг төв банк мэдээлэв.


Монголбанк аяныг манлайлан хэрэгжүүлэхэд бусад байгууллага оролцох боломжтой бөгөөд санхүүгийн боловсролын чиглэлээр бэлтгэсэн контентыг сошиал орчинд, бусад сувгаар түгээх, үүнд дэмжлэг үзүүлж, өөрсдөө бүтээх, нэгдсэн #хаштаг, уриа үгийг ашиглах, аяныг сурталчлах, санхүүгийн боловсролыг дээшлүүлж, ач холбогдлыг таниулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа болон санхүүгийн залилангаас сэргийлэх сургалт, семинар хийхзэрэг олон ажлыг төлөвлөжээ.


“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг анх 2012 онд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” (OECD) санаачлан жил бүр зохион байгуулснаар өдгөө 176 орны 40 416 байгууллага оролцож, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлдэг. Эдгээр нь хүүхэд, залуусыг мөнгөтэй харьцахад сургаж, санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьдог аж.

 

Холбоотой мэдээ