БАЯНХОНГОР: Аймгийн нутаг дэвсгэрийн 7.08 хувийг ойн сан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-21 11:24:05

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн ойн өдөр өнөөдөр. 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон шийдвэрлэсэн бол манай улс 2025 оноос энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаардаг бөгөөд энэ жил "Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шийдлүүд" уриан дор нэгдэж байна.


Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна. Аймгийн хэмжээнд Сум дундын ойн анги нэг ажиллаж байгаа бол ойн 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг.


2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Тиймээс тус аймаг цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэхийг чухалчилж байна.


“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй


Баянхонгор аймаг тус үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарихаар нэгдэж, “Хог биш мод тарьж, Хонгор нутгаа ногооруулъя” уриалгыг дэвшүүлээд байгаа юм. Энэ хүрээнд тус аймагт ойжуулалт, ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа хийх иргэдийг бэлтгэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 150 иргэнийг “Өлзийт” МСҮТ-д тэтгэлэгтэйгээр ойжуулагч мэргэжлээр бэлтгэж байна. 


Мөн аймгийн төвийн Шинэ суурьшлын бүсийн баруун талд 30 га газар хашиж, ойн зурвас хэлбэрээр мод тарих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус талбайд нийт 75 мянган мод тарих зорилттой. Усалгаа, худгийн асуудлыг шийдсэн, услалтын системийг суурилуулаад байна. 




Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймаг 2030 он хүртэл 20 сая модыг үе шаттай тарьж ургуулах зорилт тавьсан. 2023 он хүртэл бэлтгэл үе шат үргэлжилсэн бол 2024-2026 эрчимжүүлэх үе шат, 2027-2030 оныг тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, автозамын дагуух хамгаалалтын ойн зурвас байгуулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.

 

Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм. Ийнхүү 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах тооцоо гарсан байна.


Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг ойн сан гэдэг. Ойн санг талбай, ургаа модны эзэлхүүнээр нь илэрхийлснийг ойн нөөц гэдэг. Тэгэхээр өрх бүр хашаандаа мод тарьснаар ойн санг бүрдүүлэх боломжтой болж байна. Нэг мод жилд дунджаар 21.7 кг хүчилтөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг, хоногт нэг мод 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг. Мөн ой мод нь тоос шороог 21-78 хувь хүртэл, дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг аж.

Холбоотой мэдээ