Наян жилийн хугацаанд 224 хүнд генерал цол хүртээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-04-28 13:05:44

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭМонгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.


БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд "Генерал" цол олгожээ. Энэ өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийлдэг бахархалт уламжлал тогтжээ. 


Генерал цолыг олгож эхэлснээс хойших 80 жилийн хугацаанд 224 эрхэм энэ дээд цолыг хүртээд байна. Нийт генералын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой юм.


Тухайлбал, Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Д.Гунгаа, Б.Цог, Ж.Гүррагчаа нарын БНМАУ-ын баатар 6, Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нарын Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаал хашсан 20 гаруй, сансрын нисгэгч 1, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал төрөн гарчээ.


Харин Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, хошууч генерал Г.Махбариад, хошууч генерал О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын алтан мөрдэст генерал цолтон төрөн гарсан байдаг.


ЦЭРГИЙН ЦОЛ: Байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч, дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, сургагч ахлагч, Тэргүүн ахлагч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа, бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал


Холбоотой мэдээ