ХОВД: Үсчин, гоо засалч мэргэжлээр суралцагчид ур чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-29 14:33:08

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд 130 гаруй үсчин, гоо засалч ажиллаж байна. Үүний 80 гаруй хувь нь "Хөгжил" политехник коллежийн төгсөгчид юм.

Тэгвэл одоогийн байдлаар тус коллежийн хамт олон 70 гаруй үсчин, гоо засалчийг шинээр бэлтгэж байна.

Коллежийн багш, суралцагчид 2007 оноос хойш улс, бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн ур чадвараа тогтмол сорьж, амжилттай оролцсоор иржээ. 


Энэ удаа Охидын жавхаа, Мөнгөн хайч хэмээх үсчин, гоо засалч мэргэжлийн ур чадварын уралдааныг хоёр үе шаттай зохион байгууллаа.

Үүнд "Хөгжил" политехник коллежийн үсчин, гоо засалч мэргэжлийн ангийн 60 орчим суралцагч оролцож байна. Харин шүүгчээр түншлэгч байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн багш нар ажиллаж, тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч байгаа юм.

Уралдаанд оролцогчид нь орчин үеийн загвар, чиг хандлагыг харуулсан үсний засалт, ороолт, нүүр, хумсны өнгө, будалтын техникийг гаргаж ирж байна гэж шүүгчид онцоллоо. 

Тус уралдааныг 15 дахь жилдээ уламжлалын дагуу өрнүүлсэн ба шилдэг оролцогчдыг шалгаруулж, Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн оролцох эрх олгох юм. 

Үсчин, гоо засалч мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулснаар суралцагчид бие биенээсээ туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэх, ур чадварын түвшнээ ахиулах боломжтой.    

Холбоотой мэдээ