Украин, Финланд улсууд аюулгүй байдлын хэлэлцээр байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-04 10:20:07

КИЕВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /Azertac/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын төрийн тэргүүн Александр Стубб нар хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Финландын Ерөнхийлөгч Украинд айлчилж байгаа юм.


“Энэхүү айлчлал нь Финланд улс Украиныг тууштай дэмжиж байгааг харуулж байна" гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хоёр жил гаруйн өмнө Оросын эхлүүлсэн дайнаас үүдэлтэй өнөөгийн нөхцөл байдал, Финландаас Украинд үзүүлж буй тусламж дэмжлэг, түүнчлэн шударга, бат бөх энх тайван тогтооход чиглэсэн Киевийн хүчин чармайлтын талаар ярилцсан байна.


Тэд уулзалтынхаа төгсгөлд Финланд, Украины аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба урт хугацааны дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


“10 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хэлэлцээр нь Украиныг дэмжихэд чиглэсэн Финландын урт хугацааны үүрэг амлалтын нотолгоо бөгөөд Украинд улс төрийн дэмжлэг үзүүлэх, мөн батлан хамгаалахын салбар, аюулгүй байдал, шинэчлэл, сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээг хамарч байна” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.


В.Зеленский мэдэгдэхдээ, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээ бол "Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд Украиныг үргэлжлүүлэн дэмжихэд Финланд улс бэлэн байгааг баталгаажуулсан баримт бичиг мөн" гэсэн байна. “Финланд улс урт хугацаанд цэрэг, санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна улс төр, санхүү, хүмүүнлэгийн болон шинэчлэлийн салбарт Украинтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ" гэж тэрбээр мэдэгдээд Финландын тал мөн эрчим хүчний салбарыг сэргээн босгох, байгаль орчны хохирлыг үнэлэх, хилийн хамгаалалт болон чухал дэд бүтцийг бэхжүүлэх, Украины цэргүүдийг эмчлэхэд тусална гэдгийг нэмж дурдлаа.  

Холбоотой мэдээ