Төвөдийн талаас Эверестэд авирахыг гадаадын уулчдад зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-04 14:35:26

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /CNN/. Хятад улс цар тахлаас хойш анх удаа Эверест ууланд Төвөдийн талаас авирахыг гадаадын уулчдад зөвшөөрлөө.


Эверестийн оргилд найман удаа гарсан Адриан Боллингер бол дэлхийн хамгийн өндөр уулын оргил руу хойд талаас буюу Төвөдийн талаас гарахыг илүүд үздэг барууны хөтөчдийн нэг юм. Энэ жил тэрбээр “Альпенглоу Эскедишнс” компаниараа дамжуулан уулчдын бүлгийг ахална.


Хятадын талаас ууланд гарах маршрутыг ашиглах бүх зөвшөөрлийг Бээжин дэх аялал жуулчлалын газрын ажилтан эсвэл зөвлөл гэхээсээ илүүтэйгээр Хятадын Төвдийн уулчдын холбооноос /CTMA/ олгодог. Одоогоор Хятадын засгийн газрын зүгээс ийм зөвшөөрөл олгоно гэх албан ёсны мэдэгдэл гараагүй байна.


Гадаадын уулчид Төвөдийн талаас Эверест рүү авирах боломжтой эсэхийг  мэдэх хамгийн сайн арга бол CTMA-гээс улирлын үнийн жагсаалтыг гаргах явдал юм гэж А.Боллингер хэлжээ. Эдгээр жагсаалтад сарлаг (уул руу өгсөж, уруудах үед ууланд авирах тоног хэрэгслүүдийг ачдаг), нутгийн хөтөч, орчуулагч болон Төвөдийн нийслэл Лхасаас Эверестийн баазад хүргэх унааны зардал багтдаг.


Хятадын жуулчны виз авсан гадаадын иргэд Төвөдөөс нэмэлт тусдаа виз авах ёстой. Энэ тал дээр CTMA-гийн зүгээс уулчдад тусалдаг. Хятадын тал гадаадын уулчдад жилд дээд тал нь 300 гаруй зөвшөөрөл олгодог. Төвөдийн талаас Эверестэд авирах боломжтой цонх үе нь богинохон бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын дунд хүртэлх хугацаа байдаг. Иймээс А.Боллингерын баг цаг хэмнэх үүднээс гэртээ байхдаа хүчилтөрөгч багатай орчинд дасан зохицсоныхоо дараа дөрөвдүгээр сарын 25-нд Хятадад ирэхээр төлөвлөжээ.

 


Холбоотой мэдээ