“Байер”-ын хөлбөмбөгчид Бундеслигийн улирлыг хожигдолгүй дуусгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-19 10:31:35

БЕРЛИН, 2024 оны тавдугаар сарын 19 /TASS/. Германы аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тойргийн тоглолтод Леверкузен хотын “Байер” багийн хөлбөмбөгчид "Аугсбург" багийг хожлоо. 


Бямба гарагт Леверкузенд болсон тоглолт 2:1 харьцаагаар талбайн эзэн багийн хожлоор дууслаа. "Байер”-ын гоолуудыг Виктор Бонифасе (12 дахь минут), Роберт Андрич (28 дахь минут) нар оруулсан бол “Аугсбург”-ээс Мерт Комир (63 дахь минут) гоолдсон байна.


"Байер" баг Германы аварга шалгаруулах тэмцээнийг 90 оноотой хожигдолгүй дуусгалаа. Леверкузенчүүд 34 тоглолтод 28 удаа хожиж, 6 удаа тэнцжээ. Таван удаа мөнгөн медаль хүртэж байсан тус клуб түүхэндээ анх удаа улсын аварга болсон бол "Штутгарт" баг хоёрдугаар байр эзэллээ. Харин "Байерн" энэ улирлыг гуравдугаар байрт орсноор дуусгалаа. "Байер"-аас өмнө Германы аварга шалгаруулах тэмцээнд хоёр баг хожигдож байгаагүй юм. Тодруулбал, 1942/43 оны улирлыг "Дрезднер" баг, 1982/83 оны улирлыг "Динамо" баг (Берлин, БНАГУ-ын аварга шалгаруулах тэмцээн) хожигдолгүй дуусгажээ. 


Улирал дуусах хүртэл “Байер” баг хоёр тоглолт хийх ёстой бөгөөд тавдугаар сарын 22-ны өдөр Европын лигийн финалд Италийн “Аталанта” багтай, дараа нь 25-ны өдөр Германы цомын аваргын төлөө “Кайзерслаутерн” багтай тус тус тоглоно.

Холбоотой мэдээ