Р.Надаль анх удаагаа “Ролан Гаррос”-ын хоёрдугаар тойрогт шалгарч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-28 11:14:07

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 28 /TASS/. Испанийн теннисчин Рафаэль Надаль Парис хотноо эхэлсэн “Роланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний эхний тойрогт Германы теннисчин Александр Зверевт хожигдлоо.


Тоглолт 6:3, 7:6 (7:5), 6:3-ын харьцаатай А.Зверевийн хожлоор дуусжээ. Р.Надаль уг тэмцээнд чансаагаа хамгаалахаар оролцсон байна. Хоёрдугаар тойрогт А.Зверев Бельгийн теннисчин Давид Гоффин, Францын тамирчин Жованни Мпетши-Перрикар хоёрын хожсонтой нь тоглоно.


Р.Надалийн хувьд уг тэмцээнд дөрөв дэх удаагаа хожигдсон бол эхний тойрогт анх удаагаа хожигдол хүлээлээ. Тэрбээр өмнө нь эхний тойргоос 18 удаа шалгарч байсан бол тус тэмцээнд 14 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон юм. Р.Надаль Францын нээлттэй тэмцээнд 116 тоглолт хийхдээ нийт 112 удаа хожиж байжээ.


2023 оны нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээний үеэр бэртсэнээс хойш Р.Надаль энэ оны нэгдүгээр сард анхныхаа тэмцээнд оролцсон юм. 2024 оны нэгдүгээр сарын 2-нд Австралийн Брисбэн хотод болсон тэмцээний дараа дахин хэдэн сар тоглоогүй бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур Барселонад болсон тэмцээнд оролцож, хоёрдугаар тойрогт шалгарчээ. Энэ тэмцээний дараа Мадридын тэмцээний дөрөвдүгээр тойрогт, Ромд болсон тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарсан байна. Энэхүү хоёр тэмцээн хоёулаа “Мастерс” цувралын ангилалд багтдаг.


Өдгөө 37 настай Р.Надаль одоо Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд 276 дугаарт эрэмблэгдэж байна. Тэрбээр уг чансааг 209 долоо хоногийн турш тэргүүлж байсан удаатай. 

Холбоотой мэдээ