Э.Мөнхзул: Лаосын тосгоны иргэд ч монгол эмч нарт үзүүлэх их дуртай байсан юм билээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол, Лаосын
харилцаа, ялангуяа хоёр орны иргэдийн найрсаг сайхан харилцааны талаар ШУА-ийн
Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын
эрдэм шинжилгээний ажилтан Энхбаатарын Мөнхзулаас тодруулсан юм.
-Олон
улсын судлалын хүрээлэнгээс “Монгол, Лаосын харилцааны нэгэн жаран” хэмээх
номыг өнгөрсөн онд гаргасан. Ер нь, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны
баялаг түүх хэрхэн үндэс сууриа тавьсан байдаг вэ?
-1962 оны 9
дүгээр сарын 12-нд БНМАУ, Лаосын Вант улсын хооронд дипломат харилцаа тогтож,
Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон юм. Тэгэхээр энэ үеэс манай
хоёр улсын албан ёсны харилцаа эхэлсэн хэмээн үзэж болно. Аливаа улс орнуудын
хооронд дипломат харилцаа тогтооход тухайн үед бүрэлдсэн гадаад, дотоод орчин,
тухайлбал, олон улсын нөхцөл байдал, тухайн орны хэрэгжүүлж буй гадаад, дотоод
бодлогоос шууд хамаарч харилцаа тогтоох хүсэл, сонирхол урган гардаг.
Тухайн үед Лаос
улс тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж,
хадгалан үлдэхийн төлөөх урт хугацааны хүнд тэмцлийн жилүүдэд гадаад орчинд
шинэ түншүүдийг эрэлхийлж байсан юм. Харин манай улсын хувьд тусгаар тогтнолын
түүхэнд нэн чухал үйл явдал болж, 1961 оны 10 дугаар сард НҮБ-ын гишүүн болсон
билээ.
Лаосын вант улс БНМАУ-ыг НҮБ-д элсэхэд тууштай дэмжсэн нь манай хоёр орон нэг нэгийгээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт харилцааны суурь тавигдсан гэж үзэж болно.
Монгол, Лаос нь хэд хэдэн зүйлээрээ нийтлэг, төсөөтэй байдаг нь манай хоёр орны харилцааг ойр дотно болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг юм. Тухайлбал, манай хоёр улс нь далайд гарцгүй, хүн ам цөөтэй, буддын шашин давамгайлсан, мөн хоёул социалист системийн орнууд байв.
-Хоёр
орны харилцаа хэрхэн өрнөж ирэв, хамгийн их идэвхжлийн үе нь хэзээ байдаг вэ?
-Дипломат
харилцаа тогтоосноос хойш 1962-1975 он хүртэл хоёр орны харилцаа үндэсний баяр,
тэмдэглэлт ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас солилцох хэмжээнд
байв.
Харин 1975-1990 онд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж, хоёр улсын хооронд улс төрийн харилцаа бэхжиж, өндөр, дээд хэмжээний харилцааны айлчлалууд хийх болсон. Үүний үр дүнд манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах, гэрээ, хэлэлцээр бичгүүдийг баримтжуулж, байгуулж ирсэн түүхтэй.
1976 онд Монгол-Лаосын хамтарсан тунхаглал, 1979 онд байгуулсан Найрамдал хамтын ажиллагааны тухай гэрээ, 1994 оны Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ нь хоёр талын харилцааг баримтжуулж, баталгаажуулсан чухал баримт бичгүүд юм. Монгол, Лаос нь харилцан биеэ дэмжиж, найрсаг уламжлалт харилцаагаа хөгжүүлсээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбар чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, бэхжүүлж байна.
-Хоёр улсын
найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн үед ямар ололт амжилт гарч
байна гэж үзэж болох вэ?
-2022 онд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд Лаосын талаас төлөөлөгчид хүрэлцэн ирж 9 дүгээр сарын 7-нд Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өргөнөөр тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Энэ нь манай хоёр орны харилцаан дахь түүхэн чухал үйл явдлын нэг болсон юм.
2023 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан шүү дээ. Тухайлбал, Агаарын харилцаа, Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай, ургамал хамгаалал, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүд буй. Сүүлийн жилүүдэд хоёр тал илүү олон салбар, чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, дээрх эрх зүйн баримт бичгүүдийг байгуулж байгаа нь цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг бий болгоно хэмээн найдаж байна.
-Лаост томилогдон
ажиллаж байсан монгол мэргэжилтнүүд лаос орон, лаосчуудын тухай олон сайхан
дурсамж бичсэн байдаг. Нутаг ус хол ч сэтгэл зүрхэнд минь ойр байдаг ард түмэн
гэж тэднийг тодорхойлсон нь бий. Энэ мэтээр хоёр орны ард түмний олон сайхан
дурсамжаар Монгол, Лаосын харилцаа онцгой баялаг байдаг шүү дээ. Энэ талаар хуваалцана уу?
-Тийм ээ, Лаост
ажиллахаар очсон эмч нарыг онгоцноос буухад Монгол Улсын анагаахын сургуулийн
ромбыг энгэртээ зүүсэн лаос эмч нар маш хүндэтгэлтэй угтсанд сэтгэл нь ихэд хөдөлж байснаа Н.Алтанцэцэг эмч бичсэн байдаг л даа. Тоссон хүмүүс нь
Монголд төгссөн лаос эмч нар байсан юм билээ. Энэ мэт олон сайхан дурсамжийг
Лаост Элчин сайдаар сууж байсан эрхмүүд болон тэнд сурч, ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн
дурсамж яриаг уншиж, сонсож байв.
Ер нь бол, Монгол-Лаосын “Найрамдал” эмнэлгийг Лаосын Сиеэнгхуанг мужийн төв Понсован хотод барьж байгуулан 1984 онд хүлээлгэн өгсөн юм билээ. Тус эмнэлэгт 1990 он хүртэл Монголын эмч, мэргэжилтнүүд хоёр жилийн хугацаатай томилогдон ажилладаг байсан. Тухайн үед тус бүс нутгийн иргэд хол хөдөө тосгоноос явган ирж монгол эмч нарт үзүүлэх, эмчлүүлэх дуртай байсан гэдэг.
“Найрамдал”
эмнэлэг өдгөө ч амжилттай ажиллаж байгаа. 2010, 2012 онуудад Монгол Улс мөнгөн
хэлбэрээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Эдгээрт Лаосын ард түмэн гүнээ талархсаар
ирсэн нь манай хоёр улсын ард түмний найрсаг сайхан харилцааг бий болгосон
дурсамжтай үйл хэрэг болов уу гэж бодож байна.
Түүнээс гадна, АСЕАН-ны
гишүүн орнуудаас зөвхөн хоёр нь л манай улсад Элчин сайдын яамаа нээн үйл
ажиллагаагаа явуулж ирсэн. Түүний нэг нь Лаос юм. 1976 онд Монгол Улс БНАЛАУ-д
өөрийн ЭСЯ-ыг байгуулсан бол 1981 онд БНАЛАУ Улаанбаатар хотноо ЭСЯ-аа нээн
ажиллуулах болсон нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны боломжуудыг нээн,
үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлсэн.
Гэхдээ Монгол, Лаос нь ах дүү социалист орнуудын ёсоор эд материалын буцалтгүй тусламжийг дипломат харилцаа тогтоохоос ч өмнө үзүүлсээр ирсэн түүхтэй. Түүнчлэн эд материалын тусламжаас гадна хүмүүнлэгийн тусламжийг 1975 оноос үзүүлж эхэлсэн байдаг. Манай талаас хүмүүнлэгийн чиглэлээр 60 ортой эмнэлэг, 200 хонины аж ахуйг 13,1 (тухайн үеийн ханшаар) сая төгрөгт багтаан буцалтгүй тусламжаар байгуулж өгч байв.
- Хоёр
орны харилцааны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг судлаач хүний хувьд хэрхэн
үзэж байна вэ?
Монгол Улс,
БНАЛАУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа нэгэн жарны
турш төр, засгийн хэмжээнд төдийгүй салбар бүрд харилцаагаа хөгжүүлэхийг
эрмэлзэж, бүс нутаг, олон улсын тавцанд, ялангуяа далайд гарцгүй орны бүлгийн
хэмжээнд харилцан хоёр биеэ дэмжин харилцаж ирсэн.
Хэдийгээр
газарзүйн хувьд хол ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаан дахь ололт,
амжилтад Лаосын тал талархан, биднийг уламжлалт найрсаг ах дүүгийн харилцаатай
орон гэж үзсээр ирсэн. Харин өдгөө энэ агуулга илүү баяжин, хоёр талт болон
олон талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаас биднийг харж байна.
Ази-Номхон далайн орнуудын парламентчдын форум (APPF), Ази-Европын парламентын түншлэл
(ASEP), Олон улсын парламентын холбоо (IPU)-ны үйл ажиллагаанд бие биеэ
харилцан дэмжин, ажиллаж байна.