Ж.Эрдэнэбат:Мөрөнгийн эмнэлгийн барилгыг ирэх онд эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-08 11:39:33

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 7-ны баасан гаригийн оройн 19 цагаас Хөвсгөл аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү БСШУС-ын яамны дэд сайд Ё.Отгонбаяр  нар оролцлоо.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон тооны зорилт туссан. Хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө багтсан. Энэ хэсэгт төсвийн алдагдлыг бууруулж, зарлага санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, мөнгөний уян хатан бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа. Энэ үеэр иргэд малын түүхий эд, мах үнэгүйдэж байна, Хатгал тосгоны иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөөр байна. Чандмань-Өндөр сумын сургуулийн хичээлийн байр мөөгөнцөртөж 2014 онд Мэргэжлийн хяналтын газрын ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан боловч хичээллэх байргүй тул  хичээллэсээр 3 хүүхдэд мөөгөнцөр халдаж тусгаарлаад байгаа, 40 гаруй мянган хүн амтай Мөрөн сумын иргэд өөрсдийн гэсэн эмнэлэг байхгүй учраас эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гээд олон асуудлыг тавьж тавьж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чандмань-Өндөр сумын сургуулийн барилга болон Мөрөн сумын эмнэлэгийг ирэх онд эхлүүлнэ гэдгийг хэлээд бусад саналуудад ч тодорхой хариултыг өгч бодлого шийдвэрээ тусган ажиллахаа хэлж байлаа. Уулзалт оройн 22 цаг хүртэл үргэлжлэв.

Б.Гантуяа   

 

Холбоотой мэдээ