Парис хотод хамгаалалтыг эрс чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-07-18 16:29:36

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 18 /AFP/. Францын нийслэл Парис хотноо энэ сарын 26-ны баасан гарагт эхлэх Олимпын наадмын үеэр оршин суугчид, тамирчид, аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа нар замын хөдөлгөөн, аюулгүй байдлыг хангах бүсийг байгуулжээ.


Францын аюулгүй байдлын албаны ажилтнууд ирэх долоо хоногт Сена мөрөн дээр болох нээлтийн ёслолын өмнө Парисын төв хэсгийг өнөөдрөөс тусгаарлан хамгаалж эхэлсэн байна. Тодруулбал, нээлтийн ёслолтой холбоотойгоор өнөө өглөөний 5:00 цагаас эхлэн эргийн дагуух төвийн дүүргүүд рүү тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хязгаарлаж эхэллээ.


Ингэснээр Сена мөрний хоёр эргийн дагуух хамгийн өндөр хамгаалалттай саарал бүс” рүү орохыг хүссэн хүн бүр, тухайлбал, тухайн бүсийн оршин суугчид болон зочид буудлуудад захиалга өгсөн жуулчид QR код бүхий нэвтрэх тасалбар авах шаардлагатай болно.


Ийнхүү “Гэрэлт хот” долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болох Олимпын өмнө ихээхэн өөрчлөгдөж байна. Тус наадмыг 10 сая орчим хүн үзэх төлөвтэй байгаа юм. Долоодугаар сарын 26-нд болох парадын үеэр 45 мянга орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, олон мянган цэрэг, хувийн  хамгаалалтын албаныхан туслахаар болжээ.


Лхагва гарагт Францын зүүн нутгийн цагдаа нар заналхийлсэн утгатай зурвас бичсэн хэт даврагч этгээдийг баривчилсан байна. Түүнээс гадна, нээлтийн ёслол болох чиглэлийн дагуу олон мянган хамгаалалтын төмөр хаалт босгосон явдалд зарим оршин суугч дургүйцэх болжээ.


Өнөөдөр эхний тамирчид нийслэлийн хойд захад шинээр баригдсан Олимпын тосгонд хүрэлцэн ирэх гэж байна. “Эхний өдөр Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Бразил, Швейцар зэрэг орнуудын төлөөлөл ирнэ” гэж Францын багийн ахлагчийн орлогч Андре-Пьер Губерт “Франс Пресс” агентлагт мэдээлжээ. Бүрэн ашиглалтад орсноор энэхүү тосгон 14 500 хүн, тэдний дотор 9 мянган тамирчныг хүлээн авах юм.


Парисын Олимпын дараа Паралимпын тоглолт наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болно.

Холбоотой мэдээ