Парис-2024 Олимпын нээлт ёслол төгөлдөр боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-27 14:30:18

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын наадмын гал Парис хотын тэнгэрт бадамлан аслаа. Ийнхүү орчин цагийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертений эх нутагт бүхэл бүтэн нэгэн зууны дараа Олимпын их наадам гурав дахь удаагаа эхэлж байна.


Зуны 33 дахь удаагийн Олимпын тоглолтын нээлтийн ёслол түүхэнд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнд дотор бус харин хотын төвд, гол мөрний дээгүүр тамирчдын парад хэлбэрээр болж өнгөрлөө. 206 улсын баг тамирчид Парисын төвөөр урсах Сена мөрнөөр завь хөлөглөн ёслолын жагсаалд оролцсон бөгөөд энэхүү сүрлэг ёслолыг 300 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Тамирчид Аустерлицийн гүүрнээс Трокадеро талбай хүртэлх 6 км замыг туулахдаа Луврын музей, Парисын Эх дагинын сүм, Эйфелийн цамхаг зэрэг түүхэн дурсгалт газрууд болон Олимпод зориулан барьж босгосон хэд хэдэн байгууламжийн дэргэдүүр явж өнгөрлөө. Францын театрын найруулагч, жүжигчин Тома Жолли-гийн зохиомжийн дагуу явагдсан энэхүү парадад 10 мянга гаруй тамирчид оролцсон бол урлагийн тоглолт шоунд 3 мянга гаруй бүжигчид, хөгжимчид, уран бүтээлчид оролцжээ.


Нээлтийн ёслолыг үзэхээр Олимпын наадамд оролцож буй 120 улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Парист уригдан ирсний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт байлаа.

Олимпын өлгий нутаг Грекийн тамирчид хамгийн түрүүнд жагссан бол араас нь дүрвэгсдийн баг, дараа нь зохион байгуулагч улсын хэрэглэдэг цагаан толгойн үсгийн дарааллаар 200 гаруй улсын тамирчид 94 усан онгоц хөлөглөн Сена мөрнөөр явж өнгөрлөө.  Олимпыг зохион байгуулж буй Францын баг тамирчид уламжлал ёсоор хамгийн сүүлд жагссан бол тэдний өмнө АНУ-ын тамирчид орж ирсэн нь 2028 оны Олимпын наадмыг Лос-Анжелес хотод зохион байгуулахтай холбоотой.


Парадын үеэр нүүрээ халхалж бамбар барьсан учир битүүлэг нэгэн хүн Эйфелийн цамхагт хүрэх хамгийн дөт замыг хайж, Парисын байшингуудын дээвэр дээгүүр гүйж байсан нь нээлтийн ёслолын нэгэн таавар оньсого байлаа. Нийгмийн сүлжээнүүдэд түүнийг Assassin's Creed видео тоглоомны баатартай зүйрлэсэн сэтгэгдлүүд олон байв.  


Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон Олимпын наадам нээгдсэнийг мэдэгдсэний дараа баг өмссөн нууцлаг хүн Олимпын бамбарыг хөл бөмбөгийн дэлхийн ба Европын аварга Зинедин Зиданд өгөхөд тэрбээр Олимпын хошой аварга Испанийн теннисчин Рафаэль Надальд дамжууллаа. Улмаар бамбарыг теннисний Их дуулга тэмцээний 23 удаагийн аварга, АНУ-ын тамирчин Серена Уильямст буухиалан өгөв. Олимпын бамбарыг буухиалахад Францын теннисчин Амели Моресмо, сагсан бөмбөгчин Тони Паркер, Олимпын гурван удаагийн аварга, гандболын тамирчин Никола Карабатич нар оролцлоо.

Эцэст нь Луврын музейн дэргэд байрлуулсан тогоонд Олимпын бамбарыг авчирч, тогооны дээр байрлуулсан агаарын бөмбөлгийн дорх галыг Олимпын аварга, хөнгөн атлетикийн тамирчин Мари-Жозе Перек, жүдоч Тедди Рине нар асаахад аварга том бөмбөлөг Парисын шөнийн тэнгэрт хөөрч одлоо. Бөмбөлөг Олимпын тоглолтын туршид агаарт байх бөгөөд ийм сэтгэл хөдөлгөм байдлаар зохиомжилсон нь агаарын бөмбөлгийг зохион бүтээсэн ах дүү Монгольфье нарт хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа. Олимпын галт бамбарыг Грек улсаас Францын нийслэлд авчрах буухиа 3 сарын турш үргэлжилсэн бөгөөд буухиалах явцад дэлхий дээрх хамгийн урт бөгөөд 24 хүний суудалтай Stampfli Express гэдэг сэлүүрт завийг ашигласан байна.  


Олимпын гал ассаны дараа Сена мөрний эрэг дээр байрлуулсан тусгай тавцан дээр Америкийн нэрт дуучин, жүжигчин Леди Гага гарч ирээд Mon Truc En Plume гэдэг дууг франц хэлээр дуулж, мөн төгөлдөр хуур дээр тоглосон нь үзэгч олныг гайхшруулсан гэнэтийн бэлэг байлаа.


Урлагийн тоглолт шоуны төгсгөлд “Титаник” киноны дуугаараа алдаршсан Канадын дуучин Селин Дион Эйфелийн цамхгийн тагтан дээр цав цагаан даашинз өмсөн гарч ирээд, Эдит Пиафын “Hymne A L'Amour” дууг англи, франц хэлээр дуулсан нь дуулсан нь үзэгч зочдын бахархлыг төрүүлж байлаа. Мөн Жон Ленноны “Imagine”  дууг Францын дуучин бүсгүй Жюльетт Армане дуулах үед төгөлдөр хуур шатаж байсан нь үзэгч олныг гайхшруулсан өвөрмөц содон шийдэл байв.


Нээлтийн ёслол бүхэл бүтэн 4 цагийн турш үргэлжиллээ.  Энэхүү гайхамшигт үзүүлбэр эхлэх үед тэнгэрт багавтар үүлтэй байсан бол хэсэг хугацааны дараа бороо орж эхлээд нээлтийн ёслол дуусан дуустал үргэлжлэн асгарав. Гэсэн хэдий ч "аадар бороо Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд нөлөөлөхгүй" хэмээн Францын Спортын сайд Амели Удеа-Кастера хэлж байсанчлан бүх зүйл гайхамшигтай сайхнаар болж өнгөрлөө.   


Нээлтийн хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь Эйфелийн цамхгийн эргэн тойронд болсон лазер шоу байлаа.

Эмэгтэйчүүдийн тухай сэдэв нээлтийн ёслолын зохиомжид томоохон байр эзэлжээ. Тухайлбал, Сена мөрний эргийн дагуу босгосон асар том тавцангууд дээр 10 алдартай эмэгтэйн алтадсан цээж баримлыг байрлуулсны дотор Олимпия де Гуж-ийн цээж баримал байлаа. Тэрбээр 1791 онд Францын их хувьсгалын үеэр эмэгтэйчүүдийн эрхийн тунхаглалыг зохиож, боолчлолын эсрэг тэмцэж байлаа.


Энэ удаагийн Парис-2024 Олимпын тоглолтод оролцох эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тоо тэнцүү байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх тохиолдол юм.  



Холбоотой мэдээ