Аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-09 11:05:07

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Спорт, залуучуудын бодлого хариуцсан сайд И.В.Козырев тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 8-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэвэгдорж энэ сарын 5-10-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж буй Олон улсын хүүхдийн спортын X наадамд 150 гаруй тамирчны хамт хүрэлцэн ирж, оролцож буйд талархал илэрхийлэв. Мөн Соёлын яам нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон шинэчлэгдсэнтэй холбогдуулан биеийн тамир, спортын чиглэлээрх уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэхийн зэрэгцээ өвлийн спорт, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, спортын хамтарсан бэлтгэлийг харилцан зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг солилцох зэрэг асуудлаар санал солилцлоо.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын албаны төлөөлөгчид спорт, залуучуудын чиглэлээрх уламжлалт найрсаг харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хөвсгөл–Байгаль нуурын бүсэд хамтарсан аялал жуулчлал, спортын арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгаа илэрхийлж, талууд эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхээр тохиролцов.

Холбоотой мэдээ