34 удаагийн торгуулийн цохилтын дараа "Аякс" ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-17 12:18:47

МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 17 /РИА Новости/. Нидерландын “Аякс” ба Грекийн “Панатинаикос” багуудын хооронд болсон тоглолтын дараа ялагчийг тодруулахын тулд хоёр баг тус бүр 17 удаа торгуулийн цохилт хийсэн нь УЕФА-гийн түүхэнд үзэгдээгүй тохиолдол боллоо.


Амстердам хотноо болсон Европын Лигийн III сонгон шалгаруулах шатны хариу тоглолтын үндсэн цаг 1:0 гэсэн харьцаагаар зочин багийн давамгайллаар өндөрлөжээ.


Эхний тоглолтод талбайн эзэн “Аякс” баг өрсөлдөгчөө мөн 1:0 харьцаагаар хожсон тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулахын тулд цагийг 30 минутаар сунгасан байна. Гэвч нэмэлт цагт гоол ороогүй тул багууд торгуулийн цохилт хийхээр болов. Энэ удаад баг тус бүр 25 минутын туршид 17 удаа пенальти цохисны эцэст “Аякс” багийнхан 13:12 гэсэн харьцаагаар хожсон байна. Тус багийн Брайан Бробби хоёр удаа торгуулийн цохилтыг алджээ. Харин шийдвэрлэх цохилтыг Грекийн багийн тоглогч Тонни де Вильена алдсан байна. 


Өмнө нь УЕФА-гийн тэмцээний үеэр тогтоосон торгуулийн цохилтын дээд амжилтыг дурдвал, 2007 онд болсон Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд учраа таарсан Нидерланд, Английн багууд үндсэн ба нэмэлт цагт 1:1 харьцаагаар тэнцсэний баг тус бүр 16 удаа “пенальти буудахад” нидерландчууд 13:12 гэсэн харьцаагаар ялж байв.


Мөн 2023/24 оны улирлын Конференцийн Лигийн эхний сонгон шалгаруулах шатанд Мальтийн “Гзира Юнайтед”, Умард Ирландын “Гленторан” багууд учраа таарсан бөгөөд  нийт 28 удаа торгуулийн цохилтыг гүйцэтгэсний эцэст мальтчууд 14:13 харьцаагаар хожсон байна.  

Холбоотой мэдээ