УИХ-ын даргад БНХАУ-ын дэд дарга бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Төрийн ордонд өчигдөр бараалхав.
УИХ-ын дарга
Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа,
харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний
харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа
илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа
идэвхжиж, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгааг онцлов.
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлан ирсэндээ таатай байна гээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн мэндчилгээг уламжлав. Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд
дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ
байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож байгааг
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.