Умард Солонгосын төлөөлөгчдийг Зүүн Өмнөд Азийн орнууд руу илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО, 2024 оны есдүгээр сарын 9 /NHK/. БНАСАУ-ын эрх баригчид өнөөдөр тохиож буй улс байгуулагдсаны 76 жилийн ойг угтаж Зүүн Өмнөд Азийн орнууд руу төлөөлөгчдөө илгээжээ.
Умард Солонгосын Гадаад хэргийн яамны орлогч сайд Пак Сан Гил тэргүүтэй төлөөлөгчид бямба гарагт Бээжингийн нисэх онгоцны буудалд түр саатсан байна. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгчид Вьетнам, Индонез, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад айлчилж, засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн Болгар болон Зүүн Европын бусад орон руу Умард Солонгосын төлөөлөгчдийг илгээсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ оны дипломат бодлогын талаар хэлсэн үгэндээ найрсаг харилцаатай орнуудтай харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэл нь Япон, АНУ, Өмнөд Солонгосыг сөрөн зогсох зорилготой гэж таамаглаж байна.
Ким Жөн Ун энэ онд Орос, Иран, Монгол руу төлөөлөгчдөө илгээсэн. Тус улс Оростой цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа юм.
Умард Солонгосын эрх баригчид улс байгуулагдсаны ойг тэмдэглэхдээ бусад улс оронтой найрсаг дипломат харилцаатай гэдгээ харуулахыг эрмэлзэж байгаа бололтой гэж ажиглагчид дүгнэж байна.