9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 12 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэжээ.
Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч К.Харрис, 11 дүгээр сарын 5-ны ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп нар гар барьж, үг солилцсон байна. Нью-Йоркт болсон ёслолд Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч сенатч Жей Ди Винс, мөн Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг нар оролцов.
“Аль-Каида” бүлэглэлийн амиа золиослогчдын жолоодсон нисэх онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөж сүйрсэн газрын ойролцоо ёслолын ажиллагаа болж, энэ үеэр албан ёсны үг хэлэхийн оронд эмгэнэлт явдлын хохирогчдын эхнэр, нөхөр, эгч, дүү, ач зээ нар нь 23 жилийн өмнө амиа алдсан хүмүүсийн нэрсийг уншжээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү ёслол нь Манхэттэн, Пентагон болон Пенсильвани муж улсад нисэх онгоц осолдсон газарт болдог.
Ж.Байден, К.Харрис нар дараа нь “United 93” нисэх онгоц осолдсон Пенсильвани муж улсын Шанксвилл хотыг зорьжээ. Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар мөн Пентагонд болсон ёслолын үйл ажиллагаанд оролцсон байна.
“23 жилийн өмнөх энэ өдөр террористууд бидний хүсэл зоригийг мохоож, өвдөг сөхрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тэд эндүүрсэн. Тэд үргэлж эндүүрэх болно. Хамгийн харанхуй цагт бид гэрэл өөд алхсан. Бид эх орноо хамгаалж, бие биедээ туслахын тулд айдас түгшүүрийг сөрөн эвлэлдэн нэгдсэн” гэж Ж.Байден өглөөний ёслолын үеэр хэлжээ.
Мөн Д.Трамп “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө “Энэ бол асар гунигтай, аймшигтай өдөр байсан. Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй" гэсэн байна.
Өмнө нь Ж.Байден террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Афганистан, Ирак болон байлдааны ажиллагааны бусад бүсэд сайн дураараа цэргийн алба хаасан Америкийн олон зуун мянган иргэнд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн тунхаг гаргасан юм.
Мягмар гарагт Конгрессын удирдагчид Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах үеэр 2021 оны наймдугаар сарын 26-нд Кабулын нисэх онгоцны буудалд амиа золиослогчдын халдлагын улмаас амиа алдсан 13 цэргийн албан хаагчдад Алтан медалиар нэхэн шагнах ёслолд оролцжээ.