Цагаачид сууж явсан ачааны машин рүү Мексикийн цэргүүд гал нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-10-03 14:09:52

МЕХИКО, 2024 оны аравдугаар сарын 3 /DW/. Мексикийн цэргүүд 33 цагаач сууж явсан ачааны тэрэг рүү гал нээж, зургаа хүний амийг хөнөөсөн гэж тус улсын Батлан ​​хамгаалах яам лхагва гарагт мэдэгджээ. Уг машин мягмар гаргийн шөнө цэргийн эргүүлээс зугтахыг оролдсон байна.


Хуулийг чанд мөрдөж ажиллахаа дахин нотолж, эрх баригчдад болсон үйл явдлын талаар тодруулахад туслахад бэлэн байна” гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ. Хэрэг явдлын үеэр 10 хүн шархадсан байна.


Цагаачид Египет, Балба, Куба, Энэтхэг, Пакистанаас ирсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Амь эрсэдсэн хүмүүс аль улсын иргэд болох нь тодорхойгүй байгаа боловч тус яам дээрх улсуудын Элчин сайдын яамдтай холбоо барина гэж мэдэгдсэн байна.


Мексик дэх НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг эл хэрэг явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, цагаачилж буй хүмүүс аялах явцдаа асар их эрсдэлтэй тулгардаг тул ийм эмгэнэлт явдлаас зайлсхийхийн тулд нэвтрэх, зорчих, хүлээн авах хууль ёсны зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэж мэдэгджээ.


Гал нээсэн хэрэг явдал Гватемалын хилийн ойролцоох Мексикийн өмнөд нутгийн Чиапас мужийн Уистла хотын ойролцоо болсон байна. Энэ бол цагаачид нэвтэрдэг гол зам бөгөөд тэд тээврийн хэрэгсэлд олноор сууж нууцаар хил нэвтэрдэг байна. Тухайн нутаг дахь гэмт бүлэглэлийн эзэмшлийн бололтой хоёр автомашин ачааны машины араас дагаж явж байжээ.


Дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа гал нээсэн гэж цэргүүд мэдүүлсэн байна. Дөрвөн хүн хэргийн газарт амиа алдсан бол хоёр нь ойролцоох эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Орон нутгийн прокурорууд тэднийг бууны суманд өртөж нас барсан гэдгийг баталсан байна.


Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, гал нээсэн хоёр цэргийг албанаас нь чөлөөлсөн бөгөөд тэднийг цэргийн шүүхээр шүүж магадгүй байна. 2021 онд Мексикийн Үндэсний гвард тухайн бүс нутагт цагаачдын сууж явсан ачааны машин руу гал нээж, нэг хүнийг хөнөөсөн хэрэг гарч байжээ.


Маш олон цагаач эдийн засгийн хүндрэл, хүчирхийллээс дайжин Мексикээс АНУ-д нэвтрэхийг оролддог. АНУ-д  сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор тус улсад ирэх цагаачдын тоо харьцангуй цөөрчээ.

 


Холбоотой мэдээ