Л.Месси 46 дахь удаагаа аваргаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-03 16:30:13

МАЙАМИ, 2024 оны аравдугаар сарын 3 /oxu.az/. Өрсөлдөгчийнхөө талбайд тоглосон “Интер Майами” багийн хөлбөмбөгчид "Коламбус Крю" багийг 3:2 харьцаагаар хожсоноор Хойд Америкийн хөл бөмбөгийн ерөнхий лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээн дуусахаас өмнө түрүүлэх болзлыг хангалаа. Ингэснээр Майамагийн довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний замналдаа 46 дахь удаагаа аваргалж байна.    


Аварга багийн тоглогчдоос Месси /45 ба 45+5 дахь минутанд/, Луис Суарез /48/ нар гоол оруулжээ. Талбайн эзэн багийн Диего Росси (46), Кучо Эрнандес (61) хоёр мөн гоолдсон байна. Тоглолтын 63 дахь минутанд "Коламбус Крю"-гийн хамгаалагч Руби Камачо хоёр дахь удааг шар хуудас авснаар талбайг орхижээ.


Одоогийн байдлаар “Интер Майами” 32 тоглолтод 68 оноо авсан үзүүлэлтээр MLS лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө хамгийн ойрын өрсөлдөгч болох “Коламбус”-аас 11 оноогоор хол тасраад байна.


Өдгөө 37 настай Месси тэмцээний түрүү авсан тоогоороо хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн алдартай тамирчин болж байна. Тэрбээр “Барселона”-д тоглож байхдаа Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн цомд 3 удаа, клубүүдийн ДАШТ-нд 3 удаа түрүүлснээс гадна Испанийн АШТ-нд 10 удаа, Испанийн цомд 7 удаа, Испанийн Супер цомд 8 удаа аваргалж байв. Мөн ПСЖ багийн бүрэлдэхүүнд Францын аваргаар хоёр удаа шалгарч, Францын Супер цомд түрүүлсэн юм. Хамгийн сүүлд 2023 онд Хойд Америкийн лигийн цомыг өргөсөн байна.


Түүнээс гадна Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 онд Олимпын аварга, 2022 онд дэлхийн аварга болсны зэрэгцээ Америкийн цомыг хоёр удаа хүртэж, 2005 онд U20 настныхны ДАШТ-нд түрүүлжээ. Мөн Финалиссима буюу Европын аварга баг ба Америкийн цомын эзэн багийн хооронд болдог тэмцээнд ялж байв.

Л.Мессид хувийн амжилтыг нь үнэлсэн 70 гаруй шагнал байдаг бөгөөд тэдгээрийн дотор найман “Алтан бөмбөг” бий. 

Холбоотой мэдээ