Сармагчны цэцэг өвчний оношлуурыг хэрэглэхийг ДЭМБ зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-10-05 11:34:03

ЖЕНЕВ, 2024 оны аравдугаар сарын 5 /DW/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ анхны оношлуурт зөвшөөрөл олгосон тухайгаа баасан гарагт мэдэгджээ. 


Аминд халтай энэ өвчин нь халдвар авсан амьтдаас хүнд халдварладаг вирусээр үүсгэгддэг. Мөн хүнээс хүнд ойрын хавьтлаар дамжин халдварлах магадлалтай бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, булчин өвдөх, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.


ДЭМБ-ын мэдэгдсэнээр, оношлуурыг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон нь вирусийг хурдан, үнэн зөв оношлох шаардлага улам бүр нэмэгдэж буй үед чухал ач холбогдолтой ажээ. Олон хүнийг шинжилгээнд хамруулахын хэрээр өвчний тархалтыг зогсоох арга хэмжээнүүдийг илүү хурдан хэрэгжүүлэх боломжтой гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.


Африк тив даяар сармагчны цэцэг өвчний 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 800 гаруй хүн нас барсан байна. Африкийн Холбооны Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ өвчин 16 улсад илэрснээс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ