Рафаэль Надаль зодог тайлж буйгаа зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-10 18:32:21

МАДРИД, 2024 оны аравдугаар сарын 10 /BBC/. "Их дуулга" тэмцээний 22 удаагийн аварга, Испанийн теннисчин Рафаэль Надаль мэргэжлийн теннисчний замналаа ирэх сард дуусгана гэдгээ мэдэгдлээ. 


Тэрбээр олон нийтийн Х сүлжээний хуудсандаа тусгайлан дүрс бичлэгээр мэдэгдэл хийж, 12 хэлээр шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлэв. 


Өнгөрсөн зургаадугаар сард 38 нас хүрсэн Р.Надаль 11 дүгээр сард болох Дэвисийн цомын финалд Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд сүүлчийн тоглолтоо хийнэ. Дэвисийн цомын шөвгийн наймын тэмцээн 11 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Малага хотод болно. Шөвгийн наймд Испанийн теннисчид Нидерландын багтай учраа таарна.


Р.Надаль сүүлийн жилүүдэд бэртэл, гэмтлийн улмаас хэд хэдэн тэмцээнийг өнжсөн юм. Тэрбээр 2023 оны “Роланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээнд оролцоогүй бол энэ жил эхний тойрогт Александр Зверевт хожигдсон.


Тэрбээр “Роланд Гаррос”-т 2022 онд түрүүлсэн бөгөөд Парисын талбайд дөрвөн удаагаа хожигдол хүлээж, 112 удаа хожсон гайхалтай амжилтыг үзүүлжээ.

Холбоотой мэдээ