Макгрегор найман өнцөгт дэвжээнд дахин гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-14 17:35:31

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 13 /RIA Novosti/. Ирландын холимог тулаанч Конор Макгрегор дараагийн тулаанаа ирэх онд хийнэ гэж мэдэгджээ. 


Макгрегор зургаадугаар сарын 29-нд UFC 303 тэмцээний хүрээнд Америкийн тамирчин Майкл Чандлертай тулалдах байсан боловч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй юм. UFC холбооны тэргүүн Дана Уайт Макгрегорыг 2024 онд тулалдахгүй гэж мэдэгджээ.


“Дараагийн тулаан 2025 оны хоёрдугаар сарын 1-нд Саудын Арабад болно. Өрсөлдөгч нь Дэн Хукер байх болно” гэж тэрбээр мэдэгдсэнийг холимог тулааны урлаг (ММА), бокс, кикбокс, Бразилийн жиү-жицү болон бусад тулааны спортын мэдээллийн сайтын сэтгүүлч Дон Кирби Х хуудсаараа дамжуулсан байна. 


Өдгөө 36 настай Макгрегор 26 удаа тулаан хийхдээ  22 удаа ялж, 6 удаа ялагдаж байв. Ирландын тамирчин “UFC”-гийн аваргын цолыг анх 2015 онд авсан бөгөөд хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын бүсийг нэгэн зэрэг хүртсэн тус холбооны түүхэн дэх анхны тамирчин болж байлаа.


Шинэ Зеландын тулаанч Дэн Хукерийн хувьд 34 настай бөгөөд 24 удаа ялж, 12 удаа ялагдал хүлээж байжээ. 


Холбоотой мэдээ