ДАРХАН-УУЛ: Хүндэт дэвтэрт дөрвөн иргэнийг бичиж алдаршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дархан хотын 63 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалт,
хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулсан иргэдийг Дархан-Уул
аймгийн Засаг даргын захирамжаар “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.
Ахмад дайчин Рэнцэнсамбуугийн
Цэнд-Аюуш:
1970 онд Дарханы барилгын цэргийн 022
дугаар ангид салааны захирагч, ахлагчаар ажлын гараагаа эхэлж, Дархан хотын
барилгын салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.
1976 онд Унгар улсын хиам шарах
үйлдвэрт мэргэжил эзэмшиж, Дархан хотын Мах комбинатын хиамны цехэд тэргүүлэх
ажилтан байсан бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 8 дугаар таван жилийн
төлөвлөгөөг тогтмол биелүүлж үйлдвэрийн аваргаар удаа дараа шалгарч байжээ.
Улсад болон Дархан-Уул аймагтаа нийт
42 жил тасралтгүй ажиллаж 2013 онд гавьяаныхаа амралтад гарсан байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн
ийнхүү Дархан хотын хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршууллаа.
Ахмад инженер Балчигийн Сүрэнбаатар:
1970 онд Дархан Сэлэнгийн Цахилгаан
дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженерээр ажлын гараагаа эхэлж байжээ.
Дархан хотыг шинээр цахилгаанжуулж
байсан сангийн аж ахуй, хоршоолол тосгоны цахилгааны дэд станцуудыг шуурхай
холбоогоор найдвартай хангах ажлыг хийж, цахилгаан өндөр хүчдэлийн 17 чиглэлийн 20 дэд станцыг
өндөр үелзлийн холбоотой болгох ажлуудыг удирдан чиглүүлж дуусгаж байсан.
Улсад болон Дархан-Уул аймагтаа 40
жил тасралтгүй эрчим хүчний салбарт ажиллаж, 2010 онд гавьяаныхаа амралтад
гарсан.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн ийнхүү Дархан хотын хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршууллаа.
Ахмад номын санч Должидын Лида:
1964 онд Дархан хотын Ардын Депутатуудын
Хурлын гүйцэтгэх захиргааны Соёл, боловсролын харьяа номын сангийн анхны
эрхлэгчээр томилогдон ажиллаж байжээ.
20 жил номын сангийн эрхлэгч, 15 жил
номын санчаар тасралтгүй ажиллаж одоогийн Дархан-Уул аймгийн төв номын сангийн нэгдсэн нэг ангилал,
нэгдсэн нэг данстай болоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
1999 онд гавьяаныхаа амралтад гарсан
ч сүүлийн 25 жил зөвлөн туслах үйлчилгээг аймгийн номын сангуудад хүргэн
ажиллаж байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн ийнхүү Дархан хотын хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршууллаа.
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат
ажилтан Чулууны Зунгарай:
1966 онд Дархан хотын Худалдаа
бэлтгэлийн трестэд нийтийн хоолны мэргэжилтнээр томилогдон ажлын гараагаа
эхэлжээ.
1971 оноос МАН-ын аймгийн болон бүгд
хурал, бага хурлын төлөөлөгчөөр удаа дараа оролцож, аймгийн депутатаар зургаан
удаа сонгогдон ажиллажээ.
Дархан хотынхоо нам, төрийн болон
худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд 58 жилийг зориулан ажиллаж 2003
онд гавьяаныхаа амралтад гарсан байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн ийнхүү Дархан хотын хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршууллаа.