А.Соболенко дэлхийн чансааг дахин тэргүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МИНСК, 2024 оны аравдугаар сарын 21 /BelTA/. WTA буюу Эмэгтэйчүүдийн теннисний холбооны шинэчилсэн чансааг Беларусийн теннисчин Арина Соболенко тэргүүллээ.
Беларусийн тамирчин 9706 оноотой болсноор Польшийн теннисчин Ига Свёнтекийг (9665) ардаа орхисон байна. А.Соболенко хоёр дахь удаагаа дэлхийн номер нэг теннисчин болж байгаа бөгөөд тэрбээр 2023 оны есдүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 5 хүртэл найман долоо хоногийн турш энэ цолыг эзэмшиж байсан юм.
Чансааны гуравдугаарт Америкийн теннисчин Коко Гауфф (5 963) эрэмблэгджээ. Өмнө нь 11 дүгээр байрт бичигдэж байсан Оросын теннисчин Дарья Касаткина (3500) 2023 оны зургаадугаар сараас хойш анх удаагаа дэлхийн чансааны эхний 10-т багтлаа. Оросын теннисчдийн чансааг тэргүүлж буй Д.Касаткина өнгөрсөн долоо хоногт Хятадын Нинбо хотод болсон тэмцээнд түрүүлсэн юм.