Р.Манчини Саудын Арабын шигшээгээс явна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2024 оны аравдугаар сарын 21 /sport-express.ru/. Италийн хөлбөмбөгчин, ДАШТ-ний
хүрэл медальт Роберто Манчини Саудын Арабын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн
үүрэгт ажлаас чөлөөлөгдөж магадгүй байгаа тухай La Gazzetta dello Sport сонинд
бичсэн байна.
Манчинигийн үед Саудын Арабын шигшээ тун тааруухан тоглож байсан
боловч тэрбээр их хэмжээний хөлс мөнгө авах бололтой.
Манчиниг ажлаас нь халахад одоо Саудын Арабын хааны
зөвшөөрөл хэрэгтэй байгаа бөгөөд даваа гарагт асуудал шийдэгдэж магадгүй байна.
Түүнийг ахлах дасгалжуулагчаас халах болсон шалтгаан нь шигшээ багийн тоглолтын
үзүүлэлт тааруухан байгаа,
мөн хөлбөмбөгчид болон
хөгжөөн дэмжигчидтэй Манчини зохисгүй байдлаар харьцаж байгаа явдал юм.
Өдгөө 59 настай Роберто Саудын шигшээг 2023 оны 8 дугаар сараас хойш дасгалжуулж байгаа бөгөөд үүнийхээ төлөө багагүй мөнгө авч байгаа ажээ. Түүнд 25-30 сая долларын нөхөн төлбөр болон жилд 25 сая долларын цалин олгохоор 2026 оныг дуустал хэрэгжих гэрээнд тусгасан байна. Ингэснээр Манчини жил гаруйхны хугацаанд 50 сая долларын орлого олох боломжтой.
Манчини Саудын Арабын шигшээг
дасгалжуулах хугацаанд багийн тоглолтын үзүүлэлт тааруухан байснаас гадна тэрбээр
багагүй маргаан дуулиан дэгдээж байв. Жишээ нь, Саудын клубүүд гадаадын хөл
бөмбөгийн оддыг легионер тамирчнаар элсүүлэн авч байгаагийн улмаас дотоодын тамирчид хангалттай
хэмжээнд туршлагажиж чадахгүй
байна гэж шүүмжилжээ. Мөн Саудын Арабын баг Бахрейнтай тэнцсэн явдалд сэтгэл
дундуур байгаагаа илэрхийлсэн хөгжөөн дэмжигчид рүү хашгирч, зохисгүй үг хэлсэн
гэх мэт.
Саудын Арабын хөл бөмбөгийн
шигшээ баг Манчинигийн удирдлага дор 18 тоглолт хийснээс 7 удаа хожиж, 5
удаа тэнцэж, 6 тоглолтод ялагджээ. Мөн Азийн цомын тэмцээний 1/8-ийн хасагдах
шатнаас мултарснаас гадна 2026 оны ДАШТ-ний урьдчилсан шатны тэмцээний хүснэгтэд 5
оноотойгоор гуравдугаарт жагсаж, зөвхөн Хятадын багийг хожоод байна. Үүний зэрэгцээ Индонез, Бахрейны
багуудтай тэнцсэн явдалд хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур байгаа ажээ.
La Gazzetta dello Sport сонинд
бичсэнээр бол, Аргентины дасгалжуулагч Рамон Диас, Францын Эрве Ренар хоёрын
хэн нэг нь итали дасгалжуулагчийн халааг авч магадгүй байна.
Роберто Манчини Саудын Арабт ирэхээсээ
өмнө Италийн шигшээ баг, “Зенит”, “Интер”, “Галатасарай”, “МЮ”, “Лацио”, “Фиорентина”
багуудыг дасгалжуулж байсан билээ.