Газрын тос боловсруулах үйлдвэр ЕРС1 ажлын явц 99 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 30-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг сонслоо.
Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг байнгын хорооны хуралдаанд
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал
Д.Алтанцэцэг танилцуулав. БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд зориулж
1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу манай улсын
Засгийн газар тус улсын Экспорт-Импортын банктай 2016 оны дөрөвдүгээр сард
Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, газрын тос боловсруулах үйлдвэр
байгуулахаар шийдвэрлэснээр УИХ-аас 2017 оны тавдугаар сард соёрхон баталжээ.
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулсан БНЭУ-ын “Engineers
India limited” компани 2017-2018 онд үйлдвэрийн
нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулахдаа нийт зардлыг 1.236 сая ам.доллар байхаар тооцоолсон
байна. Энэтхэгийн тал энэхүү 236 сая ам.доллароор хэтэрсэн зардлыг хүлээн
зөвшөөрсний дагуу хоёр тал нэмэлт зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард
байгуулжээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд одоогоор нийт 992.2
сая ам.долларын гэрээг байгуулаад байгаа бөгөөд гэрээний санхүүжилт 256.9 сая
ам.долларын гүйцэтгэлтэй яваа ажээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн хэсэгт хуваан явуулж буй.
Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэн бүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17 хувьтай байна.
Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8 хувьтай байна.
ЕРС2, ЕРС3 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Megha Engineering and
Infrastructure Limited” компанитай
2022 оны аравдугаар сард гэрээ байгуулж, 2023 оны дөрөвдүгээр сараас барилга
угсралтын ажлыг эхлүүлсэн байна. ЕРС2 багц ажлын хүрээнд өнөөгийн байдлаар
агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга
угсралтын ажил дууссан бөгөөд агуулах савны хавтангийн угсралтын ажил хийгдэж
байгаа аж. Мөн дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын суурийн бетон
цутгалт дуусаж, давхруудын арматур угсралтыг хийж байна. Түүнчлэн үйлдвэрийн
тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг, Франц, АНУ, Австрали улсад үйлдвэрлэж байгаа аж.
Харин ЕРС3 багц ажил
буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын уурын зуухыг Их Британи,
турбин-генераторыг ХБНГУ-ын технологийн компаниудад захиалсан байна.
ЕРС4 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулахад хамгийн бага буюу 648 сая ам.долларын үнийн саналыг ЕРС2, ЕРС3 ажлын гүйцэтгэгч “Megha Engineering and
Infrastructure Limited” компани
ирүүлсэн бөгөөд энэ үнээр гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт
Зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 орчим хувиар
өсөж 1.656,8 сая ам.доллар болохоор гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэн
баталгаажуулжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 431 сая ам.доллароор
нэмэгдэхэд дэлхийн зах зээлийн хямралт байдал, үнийн өсөлт, төслийн үр ашгийг
дээшлүүлэх шаардлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.
Дээрх багц ажлыг тус бүрд нь тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчдийг сонгосон
бөгөөд хэт өндөр үнийн саналыг бууруулах, дахин сонгон шалгаруулалт зарлах
зэргээр хугацаа алдсан талаар Д.Алтанцэцэг захирал танилцуулгадаа дурдаж, яриа
хэлэлцээний үр дүнд өндөр үнийн саналуудыг нийтдээ 164,5 сая ам.доллароор бууруулсан гэлээ. Хамгийн эмзэг байгаа
асуудал болох гүн боловсруулалтын лицензтэй технологийн
байгууламжуудын ЕРС4 ажилд нэмж шаардагдах санхүүжилтийн
хэмжээгээр хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын
Засгийн газарт хүргүүлээд буй. Одоогоор хариу ирээгүй, энэ
асуудал үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг тэр хэрээр хойшлуулж болзошгүй.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд тус үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км дамжуулах хоолойн ажлыг БНХАУ-ын "Norinco International Cooperation" компани гүйцэтгэж байна.
Энэ ажлын санхүүжилтийг "Эрдэнэс
Тавантолгой" ХК-иас нүүрс урьдчилан борлуулсан орлогын эх үүсвэрээр шийдвэрлэхээр Засгийн
газар 2022 онд шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэл
эдүгээ 65 хувьтай байна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн
байгуулалтыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, 2018 онд 250 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн санхүүжилтээр Сайншанд-Газрын
тос боловсруулах үйлдвэр чиглэлийн төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын
авто зам, цахилгаан дамжуулах агаарын
шугам, дэд станц, мөн үйлдвэрийн хашаа, талбайн ажлыг 100 хувь, 550 ажилчны хотхон барих
ажлын зардлын 61 хувийг санхүүжүүлсэн. Уг зээл 2022 оны
11 дүгээр сард зогссон бөгөөд барьцаа хөрөнгийн
үнэлгээний хэмжээг 5.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2023 оны 7 дугаар сараас дахин олгож эхэлжээ.
Сайншандад манай үйлдвэрийн 500-600 ажилчин ажиллана. Тэдний ихэнх нь залуучууд тул залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдэх, орон сууцтай болгох зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа тэмдэглэв.