Бан Ги Мүн Чингис хаан музейд лекц уншлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр - Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн билээ.
Түүний хувьд, өнгөрсөн баасан гарагт манай улсад ирсэн бөгөөд өчигдөр “Чингис хаан” одон гардаж, “Чингис хаан” музей үзэж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар зочилсон юм. Тэгвэл өнөөдөр “Чингис хаан” музейд “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх нь-Монгол ба Солонгос” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра тэргүүтэй гаднын зочид төлөөлөгчдөөс гадна улс төрийн зүтгэлтнүүд, бизнес, сайн дурын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Лекцийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нээсэн бол НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн лекцийнхээ эхэнд, өчигдөр тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү үйл явдал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ололт амжилтаа хамтран ахиулах, цаг уурын асуудлаар үр дүнтэй арга хэмжээ авах, олон талт үзэл баримтлал, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхийн энх тайвныг дэмжих үйл явцыг тодорхойлсон чухал үед тохиож байгааг онцолсон юм.
Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан олдсоноо олзуурхаж байв. Тэр лекцдээ дэлхийн нийтэд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд харилцаа, хамтын ажиллагаагаа эвслийн түвшинд хүргэх хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэлээ.
Бан Ги Мүн үргэлжлүүлэн, “Өмнө нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтууд хүний сайн сайхан аж байдлыг дэлхий дахинд ихээхэн дээшлүүлсэн билээ. 2000 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтууд нь 2015 он гэхэд дэлхий даяар найман гол зорилтод хүрэх зорилгыг дэвшүүлж байсан. Туйлын ядуурлын түвшин 2010 он гэхэд хоёр дахин буурсан нь нэг тэрбум гаруй хүнд эерэг нөлөө үзүүлсэн асар их амжилт юм. Энэ хугацаанд тав хүртэлх насны хүүхдийн нас баралт болон эхийн эндэгдлийн түвшин мөн хоёр дахин буурсан. 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжид, 2.6 тэрбум хүн сайжруулсан усны эх үүсвэрт хамрагдсан боловч цаашид хийх ажил маш их байна. Өнөөгийн байдлаар, дэлхийн даяар ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүлийн 10 гаруй хувь нь өдөрт 1.90 ам.доллароос бага орлогоор амьдарч байна. Түүнчлэн жил бүр зургаан сая гаруй хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө эндэж, 2023 оны байдлаар, ойролцоогоор хоёр тэрбум хүн цэвэр, аюулгүй ундны усны хүртээмжгүй амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг, усны хомсдол нэмэгдэж байгаа тул энэ үзүүлэлт улам дордох магадлалтай. Өнгөрснийг эргэн харахад бид дэлхий нийтээрээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад санал нэгтэйгээр хүрэх замыг эхлүүлж чадсандаа бахархаж байна” хэмээлээ.
Тэрбээр лекцдээ 2030 оны зорилтот хугацаанд таван жил үлдсэн байхад нэг ч улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын бүх зорилгод хүрэх замдаа ороогүй байгааг дурдаад, 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “Дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” хэмээн дүгнэснийг цохон тэмдэглэсэн юм.
Түүний лекцээс анхаарал
татсан өөр нэг сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхий даяар уг асуудалд санаа
зовниж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан
хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэж
байгааг сайшаалаа.
Үүнээс гадна эмэгтэйчүүд,
охидыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг тууштай дэмжихээ илэрхийлж, НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах, жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэхэд багагүй цаг хугацаа, эрч хүчээ
зориулснаа тодотгож байв.
Лекцийн дараа танхимд ирсэн зочид түүнээс богино хугацаанд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай улсад өмнө нь хоёр удаа ирэхдээ өнөөдрийнх шиг Монголын ард түмэнд зориулан лекц уншиж байгаагүй тул энэ удаагийн лекцдээ ихээхэн олзуурхаж байгаагаа илэрхийлж байв .