Молдовагийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд М.Санду ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИШИНЁВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /BBC/. Молдова улсын одоогийн Ерөнхийлөгч, Европтой ойртох бодлого баримтлагч Майя Санду ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялсан гэдгээ зарлажээ.
Санал тоолох ажиллагаа хараахан дуусаагүй байгаа хэдий ч М.Сандугийн өрсөлдөгч, Ерөнхий прокурор асан Александр Стояногло түүнийг гүйцэх боломжгүй болжээ. М.Санду гадаадад амьдарч буй олон молдавчуудын саналыг авснаар ялалт байгуулсан байна. Тэрбээр сонгуульд ялснаа мэдэгдэхдээ "энэ удаагийн сонгуульд Молдова улс яллаа" гээд сонгогчдодоо талархал илэрхийлж, бүх ард түмний Ерөнхийлөгч байхаа амласан байна.
“Молдова, чи яллаа! Сайхан ирээдүйн төлөөх санал хураалтад хэн ч ялагдаагүй. Намайг дэмжсэн болон ноён А.Стояноглогийн төлөө санал өгсөн хүмүүсийн дуу хоолойг би сонссон. Би та бүхний ерөнхийлөгч байхаа амлаж байна” гэж М.Санду хэлжээ.
Орон нутгийн цагаар шөний хоёр цагт санал хуудсын 98.8 хувийг тоолсны дараах байдлаар, М.Санду 55 орчим хувийн, Стояногло 45 гаруй хувийн саналыг тус тус авсан байна.