ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд хуралдааны дэгийг хэлэлцэн баталж, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг төлөөлөгчид хэлэлцлээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Улсын бодлогын томоохон баримт бичгүүд, аймгийн ИТХ-д суудалтай намуудын мөрийн хөтөлбөрүүдэд үндэслэн дөрвөн бүлэг, 23 дэд бүлэг, 174 зүйл заалт, 83 зорилттойгоор боловсруулжээ.
Төлөөлөгчдөд танилцуулсан үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжил ба орон нутгийн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд 33 байгууллагаас 301 санал хүлээн авч тусгасан байна. Уг зөвлөгөөнөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хөтөлбөрт тусгах саналыг авч хэлэлцүүллээ.
Бүтэн өдөр үргэлжилсэн зөвлөгөөнөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид шинээр нэмэх 85, өөрчлөн найруулах 36, хасах 4, нийт 125 саналыг гаргажээ.
Тухайлбал, Тосгоны гурван багийн иргэд зориулан эмнэлэг барих, хуучин цэнгэлдэх хүрээлэнг бүрэн засварлаж тухайн багийн иргэд нээлттэй үйлчлүүлэх, Гал унтраах, аврах 54 дүгээр анги, наймдугаар цэцэрлэгийг инженерийн шугам сүлжээнд холбох, эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг ажлыг тусгах хэрэгтэй гэж үзжээ.
Дээрх 125 саналыг ажлын хэсэг боловсруулж, төсөлд тусган нэгтгэж аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулж батлуулах юм.
Тус зөвлөгөөний ерөнхий чиглүүлэгчээр аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, модератор багшаар “Тунгаамал төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, хууль зүйн магистр О.Тунгалаг, эрх зүйч Ш.Жаргалсайхан нар ажиллалаа.