Д.Трамп Үндэсний эдийн засгийн зөвлөлийн даргаар К.Хассеттийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-27 14:04:59

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Үндэсний эдийн засгийн зөвлөлийг удирдуулахаар Кевин Хассеттийг сонгожээ. Ингэснээр тэрбээр худалдаанаас эхлээд татварын асуудал, мөн төрийн зохицуулалт зэрэг засаг захиргааны бодлого боловсруулах ажлыг удирдахаар болж байна.


Д.Трамп мөн хэн хаших нь тодорхойгүй байгаа гол албан тушаалуудын сүүлийнх нь болох АНУ-ын Худалдааны төлөөлөгчийг нэрлэснээр эдийн засгийн багаа бүрдүүлж дуусахад тун ойртож байна. Тэрбээр томилгооныхоо талаар “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлсэн бөгөөд өмгөөлөгч Жеймисон Гририйг АНУ-ын Худалдааны төлөөлөгчөөр томилжээ.


Д.Трампын өмнөх засаг захиргааны үед К.Хассетт Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн даргын албыг хоёр жил хашиж байсан бөгөөд корпорацын татварыг бууруулах тухай Бүгд найрамдах намынхны саналыг дэмжиж, өндөр татвар ногдуулах Д.Трампын шийдвэрийг хамгаалж байв.


Өдгөө 62 настай К.Хассетт түүнчлэн Д.Трампын хүргэн Жаред Кушнертэй цагаачлалын асуудлаар хамтран ажиллаж, Ираны газрын тосыг худалдан авдаг орнуудад тавьсан хоригийг хүчингүй болгох шийдвэрийг эсэргүүцэж байв. 


Д.Трамп Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувь, Мексик, Канадын бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна гэдгээ дахин мэдэгдсэний дараа дээрх томилгоог хийсэн байна. Ийм алхам нь бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг дуусгавар болгоно.


Д.Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Тэрбээр татвар ногдуулах болсон шалтгаанаа хууль бус цагаачлал, мансууруулах бодисын хууль бус наймаа зэрэгтэй холбон тайлбарласан байна.


Д.Трамп өөрийг нь 2017 онд Цагаан ордны албан тушаалд нэр дэвшүүлэхээс өмнө К.Хассетт Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн судалгааны төвд санхүүгийн бодлогын судлаачаар ажиллаж байжээ.


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Д.Трамп Сангийн сайдын албан тушаалд Key Square Group санг үүсгэн байгуулагч Скотт Бессентийг нэр дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

 



Холбоотой мэдээ