Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо оны шилдэг тамирчдыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-12-03 18:24:49

МОНАКО, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /Anadolu/. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2024 оны шилдэг тамирчдыг тодрууллаа.


Оны шилдэг эмэгтэй тамирчнаар Нидерландын дундын зайн гүйлтийн тамирчин Сифан Хассан шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд Ботсвана улсын богино зайн гүйгч Лециле Тебого тодорчээХөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгын дараа Монако хотноо шилдэг тамирчдад шагнал гардуулсан байна.


“Хөгжөөн дэмжигчдэдээ, саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэнэ чинээ бодоогүй явлаа. Энэ жил гайхалтай жил болж өнгөрлөө. Зөвхөн миний хувьд ч биш, бүх тамирчны хувьд гайхалтай байсан. Үнэхээр их талархаж байна. Өөр хэлэх үг олдохгүй байна” гэж С.Хассан хэлжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 11-нд болсон “Парис-2024” Олимпын наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд 2 цаг 22 минут 55 секундийн амжилтаар Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.


Харин Л.Тебого хэлэхдээ, хөгжөөн дэмжигчид маань биднийг, тамирчдыг үргэлж дэмжиж байдаг гэдгийг мэдэхэд үнэхээр гайхалтай санагдаж байна, гайхалтай жил байлаа гэв. Тэрбээр наймдугаар сарын 8-нд Парист 200 м-ийн зайд түрүүлснээр эх орондоо Олимпын анхны алтан медалийг авчирч, түүхэнд бичигджээ.


Мөн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг эвдэж, 6.26 м-ийн өндөр дээгүүр харайж, Олимпын аварга болсон Шведийн Арманд Мондо Дуплантис талбайн төрөлд шилдэг тамирчнаар тодорсон байна. Түүнчлэн "Өсөж буй шинэ залуу од" шагналыг Этиопын тамирчин Сембо Алмаев, Италийн тамирчин Маттиа Фурлани нар хүртжээ.

 


Холбоотой мэдээ