“Women Owned” тохирлын тэмдгийг 50 гаруй компани авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-06 17:46:31

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Дэлхийн Худалдааны байгууллага, Олон Улсын худалдааны төв хамтран “She Trades” санаачилгыг 2017 оноос эхлүүлсэн юм.


“She Trades” нь өнөөдөр дэлхийн 17 улсад салбартай өргөжиж, Монгол 2023 онд 15 дахь улс нь болж, МҮХАҮТ-ын дэргэд “She Trades” буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төв байгуулсан. Тус төв бизнес эрхлэж буй эмэгтэйчүүдийг дэмжиж, тэднй үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм.



Арилжааны банкууд тогтвортой хөгжил, “Ногоон бизнес”-ийг хөгжүүлэхээс гадна үйл ажиллагаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглүүлэх болжээ. 


“Women Owned” тохирлын тэмдгийг одоогоор 50 гаруй компани, ААН аваад байна. Тэдгээр компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах “She leads” үйл ажиллагаа Монголын Уран зургийн галерейд боллоо. Энэ үеэр эмэгтэй бизнес эрхлэгч нарт зориулсан www.womenowned.mn вэбсайтын нээлт болсон юм.




“She leads” үйл ажиллагааны үеэр “Савана Органика”, “Глобал талент менежмент”, “Монфүүдланд” компаниуд “Woman owned” тохирлын тэмдгээ гардаж авч, “Монголын She Trades Hub”-д гишүүнээр элслээ.


Монголын “She Trades Hub”-д гишүүнээр элссэнээр бусад улстай хийх бизнесийн боломж нээгдэж, Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөхүйц байх чадварыг бэхжүүлэх юм. 



Манай улсын хэмжээнд эмэгтэй удирдагчдын тоо харьцангуй их буюу 68 хувьтай, үүнээс эмэгтэй захиралтай ААН-ийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнес эрхлэгчид байна. Хувиараа бизнес эрхлэгч 200 мянга гаруй иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд аж. Харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна.

Холбоотой мэдээ