Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд 12 дугаар сарын 15-31-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.
Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны 2 давхарт байрладаг тус мөсөн гулгуурын талбайгаар 07:00-22:00 цаг хүртэл иргэд үйлчлүүлэх боломжтой.