Хүний эрхийг хангах олон үйл ажиллагаа төсөв дээр гацдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
- Төсөвт хүний эрхийн
асуудлыг нэмэлтээр тусгах шаардлагатай байна.
- Хүний эрхтэй холбоотойгоор
төсөв, санхүүг утааг бууруулах, эрүүл мэндэд тодорхой төсөв суулгах зэргээр эрэмблэх
хэрэгтэй.
- Хүний амьдрах эрх, хүүхэд
хамгааллын зардал зэрэг олон асуудлыг хөндөж, салбар салбараар авч үздэг боловч
төсөв дээр очихоор гацдаг.
- Төсвийг боловсруулж,
батлаж хуваарилахдаа хүний эрхэд ээлтэй, үр дүн гарах, нийгэмд яаж нөлөөлөх,
ямар бүлгийн хүмүүсийг эрхийг хөндөж, хангах гэдгийг төлөвлөж тооцох нь чухал
байна.
- Нийгэмд хүний эрхэд суурилсан эдийн засаг хэрэгтэй байгааг олон улсад онцолж байна.
Жил бүрийн 12 дугаар сарын
10-нд тохиодог Олон улсын хүний эрхийн өдрийг энэ жил “Бидний эрх, бидний
ирээдүй, яг одоо” уриа дор тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ хүрээнд хүний эрхийг эерэг
өөрчлөлтөд хүрэхэд урьдчилан сэргийлэх, хамгаалах нь чухал хүч болж, эдгээр нь шийдэлд
хүрэх зам болохыг онцолсон юм.
Энэ жилийн бас нэг онцлог нь манай улсын хувьд хүний эрхтэй холбоотойгоор төсвийг хөндсөн явдал байв. Хүний эрхийг хамгаалах нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлийн нэг нь төсөвтэй шууд холбогддог, төсөв болон санхүүжилт хангалттай байх асуудал тавигдаж байна. Гэтэл хүний эрхийг хангах олон үйл ажиллагаа төсөв дээр очоод гацдаг байдал хэвээр байгааг хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, сэтгүүлчид, нийгмийн бүхий төлөөлөл хэлж байна.
Жишээ нь, хорих ангийн
байр, стандартын байдал, хүүхдүүдийн сурч боловсорч амьдрах эрх, хүүхэд
хамгааллын зардал зэрэг олон асуудлыг хөндөж, нийгэм, эдийн засаг, улс төрийн
эрх гээд салбар салбараар авч үзэхээр төсөв дээр ирээд л гацдаг. Төсөв дээр ирээд гацдаг ийм хүний эрх
гэж байх уу гэдэг асуудлыг хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг төрийн болон
ТББ-ын төлөөлөл хэлж асууж байна.
Манай улсад хүний эрхийг
зөрчиж буй олон үйлдэл, асуудал бий. Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-т
гэхэд сүүлийн 3 жилд хүний эрхтэй холбоотой 100 гаруй гомдол, мэдээлэл
бүртгэгджээ. Үүнд утаа, агаар, хөрсний бохирдолтой гомдол ихэнхийг эзлэж байна.
Шууд хэлэхэд дээрх зүйлээс болж нийслэл хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд
амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй байна.
Агаарын бохирдлыг
бууруулах гэж манай улс зөвхөн 3 жилд 456 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж иржээ.
Гэвч бодит нөхцөл байдал улам дордсоор. Үүнтэй
холбоотой хүний эрхийн олон асуудал гарч ирж, тэдгээрийг шийдэх гэхээр нөгөө л төсөв
дээр очиж, санхүүжилтийн асуудал хөндөгдөж, тэр нь хүртээмжгүй байдаг байдал ноёлсоор.
Тиймээс төсөвт хүний эрхийн асуудлыг нэмэлтээр тусгах шаардлагатай байгааг
ХЭҮК-оос мэдэгдэж байна.
Хүний эрхийн хэрэгжилтийг
хянан шалгаж байх явцад төсвийн хүртээмжгүй байдалтай байнга тулгарч байна.
Тухайлбал нь, хүүхэд хамгаалах зардлын тооцооллыг хийгээд үзэхээр нийтдээ 10
тэрбум төгрөг байх жишээний.
Сургуулийн өмнөх
боловсролын хүүхэд хамгааллын байдлыг авч үзэхэд л цэцэрлэгийн хүүхдүүдийн
хоолны асуудал гарч ирдэг. Ерөнхий боловсрол дээр сурч буй хүүхдүүдийн 50 хувь
нэг ангид суун хичээллэж байна гэдэг явж явж сургуулийн хангамж, хүртээмжгүй байдагтай
холбогддог.
Тиймээс хүний эрхтэй
холбоотойгоор төсөв, санхүүгийн асуудлыг утаагаа бууруулах, эрүүл мэндэд
тодорхой төсөв суулгах зэргээр эрэмблэх шаардлагатай нь харагддаг.
Хүний эрхийг хамгаалах нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлийн нэг нь төсөвтэй шууд холбогддог учир төсөв болон санхүүжилт хангалттай байх асуудал чухал байгааг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хэлж, төсвийн хуваарилалт дээр хүний эрхийн шалгуурыг үнэлэх нь чухал байгааг онцолж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
дээр авч үзье. ХЭҮК-оос хийсэн судалгаанд оролцсон ХБИ-ийн 58.5 хувь нь сонгох
эрхээ эдэлж чадахгүй байна, 33.5 хувь нь энэ талаар дунд түвшинд байна гэсэн дүн
гарчээ. Энэ нь нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, улс төрийн
болон шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь
харагдана.
Нийгэм, улс төрийн амьдрал дахь оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нөгөө талаар иргэд төсөвт ойр байх боломжтой. Гэтэл иргэд нийгмээс тусгаарлагдсныг, нийгмийн зорилтот бүлгийн иргэдийн эрх бодит амьдрал дээр зөрчигдөх эрсдэл их байгаагаар харж болохоор. Тодруулбал, иргэд нийгмийнхээ талаар чанартай, хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээлэл авах хүртээмжгүй байдал үгүйлэгдэж байна.
Энэ нь тухайлбал, ХБИ-ийн нийгмийн
амьдрал дахь оролцоог хязгаарлаж буй бодитой хүчин зүйл болж буйг эрх зүйчид
хэлж байна. Тиймээс бид иргэдийн эрхийг хангахын тулд тэдэнд зориулсан ямар
төсөв, аль салбар хуваарилагдсаныг, хуваарилагдаж буйг, хуваарилагдах ёстойг
асуух учиртай болж байгаа юм.
Төсвийн тооцоог хийж боловсруулах, батлаж хуваарилах явцад дандаа авч үзэх зүйл нь энэ нь хүний эрхэд ямар ээлтэй юм, ямар үр дүн гарч нийгэмд хэрхэн, яаж нөлөөлөх юм, ямар бүлгийн хүмүүсийг эрхийг хөндөж хамгаалж хангах юм гэдгийг төлөвлөж тооцох нь чухал байна.
Энэ бол төсвийн үл ялгах,
ялгаварлах шинж бөгөөд Жендэрийн мэдрэмжтэй төсөв гэж хэлж болно гэдгийг Монголын
“Эмнести Интернэшнл” байгууллагын Удирдах
зөвлөлийн дарга, хуульч, эрх зүйч Р.Очирбал тодотгож байна. Тэрбээр,
Жендэрийн мэдрэмжтэй төсөв нь жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй,
эмэгтэйчүүдийн эрхийг хангахад хувь нэмэр оруулдаг Засгийн газрын төлөвлөлт,
хөтөлбөр, төсөв юм гэдгийг хэлээд, энэ нь салбарын болон орон нутгийн засаг
захиргааны бодлого, төлөвлөгөө, төсөв дэх жендэрийн ялгааг арилгахад
шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, тусгах явдал юм. Энэ нь орлого
нэмэгдүүлэх бодлого, дотоодын эх үүсвэрийн хуваарилалт, хөгжлийн албан ёсны
тусламжийн жендэрийн ялгаатай нөлөөнд дүн шинжилгээ хийх зорилготой юм гэдгийг
онцолж байна.
Хүний эрхийг хамгаалагч
нар энэ талаар хэлэхдээ, бид жишээ нь, хүүхэд хамгаалал дээр олон бичиг баримт
боловсруулаад олон хууль, тогтоомжид зааснаар холбогдох хариуцах чиг үүргийн
эзэнтэй, тодорхой болгосон боловч төсөв нь хангалттай юу гэдэг дээр бүрэн
дүүрэн хариулт авч чадахгүй, байдал хэвээр явж байна. Тиймээс энэ асуудлыг
шийдээч ээ гэхээр ард нь дандаа санхүүгийн нөөц байна уу гэдэг асуудал хөндөгдөн
гарч ирдэг.
Энэ бүхнийг шийдэхгүйгээр
бид цаашаа хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн
заалтыг ханган хэрэгжүүлж биелүүлэх боломжгүй болоод байдаг. Яагаад гэвэл суурь
асуудал дэд бүтэц төсөв болдог учир төсвийн хүртээмжгүй байдлыг шийдэхаас нааш
хүний эрхийг хангах төвөгтэй, боломжгүй юм гэдгийг хэлж байна.
Нэмж мэдээлэхэд, Олон улсын хүний эрхийн өдрийн энэ жилийн нэг тодотгол
нь манай улсад хүний эрхтэй холбоотойгоор төсвийн асуудлыг хөндсөн бол олон
улсад энэ жил “Хүний эрхэд суурилсан эдийн засаг”-ийг онцолсон нь чухал байв.
Энэ эдийн засгийг тодотгон хэлбэл, “Энэ нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд хөрөнгө оруулалтыг урьтал болгох. Ингэснээр тэгш байдал, шударга ёс, тогтвортой байдлын үндсэн шалтгаан, бүтцийн саад тотгорыг арилгахыг эрмэлздэгт оршиж байна” гэдгийг Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк хэлсэн юм.
Нийгэмд хүний эрхэд
суурилсан эдийн засаг хэрэгтэй байгааг Хүний эрхийн дээд комиссар Мишель
Бачелет, “Хүний эрхэд суурилсан хөгжил нь тэгш бус байдлыг бууруулж, хүний бүх
эрхийг ахиулах үндсэн амлалтуудыг нийгмийн олон янз бүлэгт хүргэж, хуваалцдаг”
хэмээн мөн тодотгон хэлсэн юм.
Төсөвтэй мөн адил холбогддог “Хүний эрхэд суурилсан эдийн засаг” нь хүний эрүүл, аюулгүй, тогтвортой орчинд амьдрах эрхийг уриалж, сүүлийн жилүүдэд хийгдсэн чухал алхам юм гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна.