ДЭМБ-ын тэргүүн Израилын цохилтын үеэр Йемений нисэх буудалд байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн болон НҮБ-ын бусад ажилтан пүрэв гарагт Израилын агаарын цохилтын үеэр Йемений нийслэл Сана хотын олон улсын нисэх буудалд байжээ.
ДЭМБ-ын тэргүүн
Тедрос Аданом Гебреисус нийгмийн
сүлжээний хуудсандаа бичихдээ "нисэх онгоцны буудал агаарын цохилтод өртөх үед миний бие бусад ажилтны хамтаар онгоцонд суух
гэж байсан. Манай онгоцны багийн гишүүдийн нэг нь шархадсан, онгоцны буудалд хоёр
хүн амиа алдсан" хэмээн дурдсан байна.
Мөн цахилгаан станцууд болон боомтуудад өгсөн цохилтын
улмаас гурван хүн амиа алдаж, арав гаруй хүн шархадсан гэж хути босогчдын удирддаг хэвлэлд мэдээлжээ. Израилын тал уг дайралтын хариуцлагыг хүлээсний дараа Ираны
дэмжлэгтэй босогчдын бүлэг уг халдлагыг “зэрлэг балмад”
гэж тодорхойлсон байна. Амиа алдсан хүмүүс энгийн иргэд байсан уу, хутичууд байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Израилын
Батлан хамгаалах хүчний /IDF/
мэдэгдсэнээр, сөнөөгч онгоцууд
Йемений баруун эрэг болон эх газар дахь хутичуудын цэргийн объектуудад тагнуулын мэдээлэлд
үндэслэн цохилт өгчээ. Тодруулбал, Санагийн олон улсын нисэх буудлын “цэргийн дэд бүтэц”, түүнчлэн Хезяз, Рас Канатиб цахилгаан
станцууд, баруун эрэг дэх Аль-Худейда, Салиф, Рас-Канатиб боомтууд дахь газруудыг онилсон гэж IDF мэдэгдсэн байна.
Израилын
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цохилтын дараахан хийсэн мэдэгдэлдээ, бид зорилгодоо хүртлээ Ираны муу ёрын тэнхлэгийн террорист гар хөлийг үргэлжлүүлэн тасална гээд, хутичуудын
эсрэг бидний ажиллагаа дөнгөж эхэлж байна гэжээ.
Харин хутичуудын хувьсгалт
дээд хорооны дарга Мохаммед
Али аль-Хути агаарын цохилтуудыг зэрлэг
балмад, түрэмгий хэмээн тодорхойлсон
байна. Тэрбээр
хэлэхдээ, Газын зурвас дахь мөргөлдөөн зогсох хүртэл “Америк, Израилын бардамналын эсрэг тэмцэл” үргэлжлэх болно гэсэн байна.
Түүнчлэн Ираны тал агаарын
цохилтыг “олон улсын
энх тайван, аюулгүй байдлыг илт зөрчсөн үйлдэл” гэж тодорхойллоо. Хути босогчид 2023 оны 10 дугаар сард эхэлсэн Газын зурвасын дайнаас хойш Израил руу довтолсоор байна. Өнгөрсөн
долоо хоногт хутичууд Израилд
пуужингийн цохилт өгсний улмаас 10 гаруй хүн шархадсан юм.
Израилын тал
хариуд нь хутичуудын эсрэг үе үе цохилт өгсөөр ирсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Израилын Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, хутичуудын эсрэг “томоохон цохилт” өгөхөөр бэлтгэж байна гэж мэдэгдээд, тус бүлэглэлийн удирдлагын “толгойг таслах болно” гэж анхааруулсан байна.
Хутичууд
бол Иранаас дэмжлэг авдаг улс төр, шашны зэвсэгт бүлэглэл юм. Тус бүлэглэл 2015 онд
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг түлхэн унагаснаас хойш нийслэл
Сана зэрэг баруун Йемений томоохон газар нутгийг хянаж байна.