“Boeing”-ийн хувьцааны ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-12-31 11:31:30

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /FOX Business/. Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн олон хүн​​амиа алдсан нисэх онгоцны осолтой холбогдуулан үндэсний агаарын тээврийн үйл ажиллагааг шалгах ажиллагаа явуулж эхэлж байгааг зарласны дараа Boeingкомпанийн хувьцааны ханш даваа гарагт унажээ


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок уг шалгалтын талаар даваа гарагт зарласан байна. Тээврийн яамнаас мэдэгдсэнээр, Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниудын нислэг үйлдэж буй Boeing 737-800” загварын бүх /101 ширхэг/ онгоцыг шалгах тусгай шалгалтыг мөн өдөр эхлүүлж, гол эд ангиудын засвар үйлчилгээний бүртгэлд анхаарлаа хандуулах ажээ.


Даваа гаргийн өглөө дээрх мэдэгдлийг гаргасны дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 4 хувиар унасан бол 11:30 цагийн байдлаар 2.3 хувь болж, нэгж хувьцаа нь 176.52 орчим ам.долларт хүрчээ. Тус компани шалгалтын талаар FOX Business” сувагт тайлбар өгөхөөс татгалзаж, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас тодруулахыг хүссэн хариулт өгсөн байна.


АНУ-ын эрх баригчид мөн Өмнөд Солонгосын Муан хотын олон улсын нисэх буудалд гарсан ослын шалтгааныг тогтооход туслалцаа үзүүлэх зорилгоор шинжээчдээ илгээж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Ням гарагт агаарын тээврийн “Jeju Airкомпанийн онгоц газардах үедээ осолдсоны улмаас онгоцонд байсан 181 хүнээс хоёр нь л амьд үлдсэн юм. Ослыг харуулсан дүрс бичлэгээс үзэхэд, 15 жил ашиглаж байгаа “Boeing 737-800 онгоц дугуйгаа буулгаж чадаагүйн улмаас хөөрөх, буух зурваст их биеэрээ гулсаж байгаа нь харагдана.


Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд “Boeing” компанийн өөр загвар болох 737 Max онгоцны ослын хаалга онгоцыг агаарт байхад салж унаснаас тус компанид өнгөрсөн нэг жилийн хугацаанд шалгалт хийж байгаа үед дээрх осол болжээ. Тус компани 2024 оны турш нэг хямралаас нөгөө хямралтай тулгарч байна. Тухайлбал, 737 Max-ын хаалга салж унасан явдлаас хойш гүйцэтгэх захирал ажлаасаа гарч, хяналтын байгууллагууд аюулгүй байдлын соёлд хяналт шалгалт хийжээ. Түүнчлэн хэд хэдэн цомхотгол хийсний улмаас үйлдвэрлэл нь удааширсан байна.

Холбоотой мэдээ