ХОВД: Долоо хоног бүрийн баасан гарагт орчны цэвэрлэгээг тогтмол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хүйтний улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин өнөөдөр “Орчны цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/06 тоот захирамж гаргажээ.
Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгах, хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал,
долоо хоног бүрийн баасан гарагт орчны цэвэрлэгээ хийнэ.
Төрийн
болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өөрийн эзэмшлийн
болон ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайд үүссэн хог хаягдал, цас, мөсийг
2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт
тогтмол цэвэрлэхийг уриаллаа.
Орчны цэвэрлэгээг тогтмол зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд халтиргаа гулгаа үүсэх, иргэд бэртэж гэмтэх, эд хөрөнгөөр хохирохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.