Д.Батбаяр: “Монголын сайхан бичигтэн” уралдаан монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2024” уралдааны шүүгчээр ажилласан уран бичлэгийн их мастер, зураач, багш Д.Батбаяраас уралдааны талаар сонирхлоо. Уралдааны шүүгчид өнөө жил 18 аймаг, нийслэлийн бүх дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас оролцсон 1200 гаруй сайхан бичигтний бүтээлийг дэнслэн шүүж шилдгүүдийг тодруулсан юм.
-Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголын сайхан бичигтэн” уралдааны ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?
-“Монголын сайхан бичигтэн” уралдаан бол монгол түмэндээ оюуны соёлоор үйлчилж, бичиг соёлыг нь таниулж, оюун ухааныг нь тэлж өгдөг нэр хүндтэй уралдаан болсон байна. Цаг хугацаа, бэрхшээлийг туулж даяаршиж буй энэ цаг үед бичиг соёлоо олон түмэндээ дэлгэрүүлж, төрийн албанд хослуулан хэрэглэнэ гэдэг их том буян юм даа. Онходын Жамьян гуай, “Бичиг үсгээ дутуу дулимаг сурсан хүн харийнханд элэглэгдэх буй за” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө өөрийнхөө бичиг соёлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй шүү дээ.
-Өнөө жилийн "Монголын
сайхан бичигтэн” уралдаан өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой
болов?
-Уралдаанд оролцогчдын тоо жил бүр өсөж байгаа. Хөдөө орон нутгийнхан түлхүү оролцож байна. Мөн ЕБС-ийн хүүхдүүд, багш нар их сайн оролцож байгаа. Насанд хүрэгчид болон мэргэжлийн багшийн ангилалд ерөнхийдөө цөөн хүн оролцож байгаа нь ажиглагдсан. Энэ жилээс хулсан үзэг, соёмбо үсэг, эвхмэл үсгийн төрлүүд нэмэгдэж байгаа. Жишээлбэл, эсгийн дээр Их хааны тамгыг урласан нь шинэлэг байлаа. Уралдааны бүтээлүүдийг хичээнгүй, гаргацтай, алдаагүй бичих зарчимтай. Хичээнгүй сайд Цэрэндорж гэдэг шиг тийм хичээнгүй, гол ноён нуруугаа л сайн барьж явах хэрэгтэй. Түүнчлэн бийрийн болон сэтгэлгээний урлагийн бүтээлүүдийг өрсөлдүүллээ.
-Энэ жил оролцогчид ямар ямар материалыг сонгож оролцов?
-Материалын
хувьд эсгий, даавуу, мод, сийлбэр дээр гээд янз бүр байсан.
-Төрийн
албан хэргийг энэ жилээс хос бичгээр хөтөлж эхэлсэн. Монгол бичгийн хэрэглээг
цаашид түгээн дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Аппликэйшнүүд янз бүрээр гарч ирж байна. Энэ бол сайн хэрэг. Харин одоо хүмүүст монгол бичгийг таниулах, үзүүлэх, ойлгуулахаас гадна хэрэглээний материал маш чухал байна. Боловсролын салбарынхан монгол бичгээрээ зохих түвшинтэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт үсэг мэдэхгүй улсууд бас монгол бичгийг сонирхож эхэлж байна.
Уншъя гэхээр хэрэглээний материалууд үгүйлэгдэж байна. Тэр нь хэвлэмэл, нэвтрүүлэг, олон нийтийн сүлжээгээр байж болно. Одоо олон нийтийн сүлжээгээр ганц нэг үгийг монгол бичгээр бичиж эхэлж байна. Энэ бол ганцдахгүй, нэг ч гэсэн хүн нэг үг мэдэж л байх ёстой. Тэгэхээр хэрэглээ тал нь ингэж гарч ирвэл хүмүүс сурахгүй бол болохгүй нь гэж бодно. Нэрээ зөв бичиж байна уу, энэ зөв үү, уншаад өгөөч гэж байгаа нь зөв алхам болж байна.
Тиймээс боловсрол, соёлын байгууллагууд үүнийг нь таниулах, үзүүлэх, харуулах ажлыг л зогсолтгүй дэмжих хэрэгтэй. Зарим нэг уламжлалт бичлэгтэй үгийг л улсууд гайхаад байдаг тул учрыг нь сайтар тайлбарлаж өгч байх нь хэрэгтэй юм. Жишээлбэл, "агула" гэж бичдэг "уул гэдэг гэдэг үгийг тайлбарлахдаа, эртний хэл учраас ийм гаралтай, тэрхүү онцлог нь хэдэн 100 жил хадгалагдаад бидний үед иржээ гэдэг ойлголтыг өгөх нь чухал юм. Хүн ойлгохгүй үг харахаараа зүрхшээгээд л, ер нь хэцүү юм байна, сурахад маш их цаг зардаг гээд бараг гадаад хэл гэж ойлгох гээд байгаа шүү дээ.