Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-10 12:38:28

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга болон Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явцыг танилцуулжээ.


Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан ярихдаа, “Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүргийн заагт хоёр блок бүхий 660 МВт цахилгаан станц барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор гурван км, Багахангай дүүргийн төвөөс хоёр км-ийн зайтай байх юм. Баянгийн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв.


Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн. Өдгөө зуухны угсралт 40, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай яваа бол зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна. Тус блокийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм. Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ