Монгол Улсын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын өвлийн наадамд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцоно.
Итали улсын Турин хотод энэ сарын 8-16-нд болох тусгай Олимпын өвлийн наадамд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөнө.
Берлин хотод 2023 онд болсон Тусгай олимпын зуны наадам
Монгол Улсын хувьд түүхэн чухал үйл
явдал болсон билээ. Дэлхийн Тусгай олимп “Хүртээмжтэй нийгмийн
төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэ эвслийг байгуулагч 4 тивийн
14 орны нэгээр Монгол Улсыг нэрлэж, Берлины тунхаглалаар
олон улсад зарласан юм. Эвсэл нь дэлхийн 150 мянган
сургуулиар дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй 2 сая хүүхдэд хүртээмжтэй
боловсрол олгох, боловсролын системд реформ хийхийг эрчимжүүлэх зорилготой.
Турины өвлийн олимпын үеэр эвслийн ээлжит хурал “Хүртээмжтэй
нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” сэдвээр болно. Хэлэлцүүлэгт Тусгай олимпын гишүүн орнуудын
төрийн төлөөлөл, Засгийн
газрын гишүүд, олон улсын хэмжээнд хамтран ажилладаг түнш байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл,
эрдэмтэн судлаач, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарын экспертүүд оролцож
туршлагаа солилцон, тулгарч буй сорилтыг даван туулах шийдлээ танилцуулна. Олимпын үеэр энэ эсвэл шинэ
гишүүдээ батламжлах бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
эрхийн тухай конвенци, НҮБ-ын
Тогтвортой Хөгжлийн Зорилтыг биелүүлэх, тэр дундаа хөгжлийн ялгаа багасгах, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг
хамгаалах, тэгш боломжийг дэлхийн даяар бий болгох хамтын ажиллагаагаа
баталгаажуулж өргөжүүлэх юм.
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй асуудал нь боловсрол юм. Эдгээр
хүүхдийн 43 хувь нь сургуулиас
завсардсан, 49 хувь нь хэзээ
ч сургуульд явж үзээгүй, 42 хувь
нь уншиж бичих, дөрвөн аргын тоо бодож чадахгүй, энгийн хүүхдүүдтэй харьцуулбал
2-3 дахин бусдад дээрэлхүүлж,
гадуурхагддаг аж.
Тусгай олимп 148 орны 30 мянган сургуульд амжилттай
хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой
хөгжлийн зорилтыг биелүүлж, хүмүүнлэгийн хувьсгал хийх шийдвэр
гаргаж, үүнд нь Монгол Улс манлайлан оролцохыг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.
Монголын Тусгай Олимпын хороо 2013 онд байгуулагдсанаасаа хойш Лос Анжелес, Абу Даби, Берлины зуны олимпоос алт 10, мөнгө 17, хүрэл медаль 28 авчээ. Харин өвлийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австри улсад болсон өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө 4, 2 хүрэл медаль хүртжээ.