Улаанбаатар төмөр зам 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-16 11:05:01

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох” зөвлөгөөн Улаанбаатар хотноо боллоо.


Энэ удаагийн зөвлөгөөнөөр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын  тавдугаар хэсгийн төмөр замаар 2024 онд тээвэрлэхээр тохиролцсон гадаад худалдааны  ачааны хэмжээний биелэлтийг хэлэлцэж, 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны  ачааны хэмжээгээ тохиролцжээ. УБТЗ-ын хувьд 2024 онд 21.2 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцож байсан. Тэгвэл энэ онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр болов. Энэ нь өнгөрсөн оныхоос нэг сая тонн ачаа илүү тээвэрлэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, төмөр замаар тээвэрлэх манай улсын экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ өсөх боломж нээгдэж байна. 


Зөвлөгөөний үеэр зөвшилцөж тохиролцсон ачааг төлөвлөсөн хэмжээнд тээвэрлэхийн тулд УБТЗ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хөрш орнуудынхаа төмөр замуудтай нягт хамтран ажиллах юм. Түүнчлэн Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг хүндэт өргөмжлөлөөр шагнажээ.




Холбоотой мэдээ