АРХАНГАЙ: Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 342 дугаар анги тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Архангай аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулсан байна.
Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатанд биеийн тамирын бэлтгэлийн норматив, хоёрдугаар шатанд гранат, инженерийн торон саад, хөнөөлийн бүс, сум, галт хэрэглэл татан гаргах, эмнэлэг, буудлага, техник татан гаргах зэрэг долоон цэг бүхий 10 километрийн гүйлтээр алба хаагчдын ур чадвар, бие бялдрын түвшин, эр зориг, тэсвэр хатуужил, шандсыг сорив.
Марш тактик аварга тасаг шалгаруулах тэмцээнд Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн ахлах дэслэгч М.Бямбадорж захирагчтай тасаг тэргүүлсэн бол Дотоодын цэргийн 832 тусгай салбарын дэслэгч О.Батсуурь захирагчтай тасаг, Онцгой байдлын газрын дэслэгч Л.Баянжаргал захирагчтай тасаг удаах байруудад тус тус шалгарлаа.