Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичгийг шинэчлэн хэвлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичгийг шинэчлэн хэвлэмэлээр гаргаж, олны хүртээл болгож байна.
Тайлбар
толь нь 11 бүлэг, 3650 орчим англи, монгол нэр томьёоны тайлбараас бүрдэх ба
цахим тайлбар толь бичгийг урьдчилан гаргаж, түүндээ шинэ үг нэмэх, нэр томьёог
сайжруулах, өөрчлөх санал хүсэлт илгээх боломж бүрдүүлсэн тусгайлсан цэс нэмсэн
нь үгийн сан өргөжих, нэр томьёоны орчуулга сайжрах, тасралтгүй хөгжих
боломжийг бүрдүүлсэн давуу талтай.
Монголбанк, СЗХ,
СЭЗИС-ийн 37 эрдэмтэн багш, судлаач, салбарын мэргэжилтэн хамтран,
9 сарын турш бүтээсэн нэр
томьёоны тайлбар толь бичиг нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг
арилгаж, эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл,
сургалт, судалгаа зэрэгт нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломж
бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо бэхэжсэний 100 жил, СЭЗИС-ийн 100, хуучнаар Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг өнгөрсөн онд шинэчлэн боловсруулсан билээ. Эдгээр байгууллага хамтран "Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь: Өнгөрсөн, одоо, ирээдүй" хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр өмнөх туршлагыг үнэлэн, чиг хандлагаа тодорхойлох, тайлбар толийн агуулгыг баяжуулж, олон улсын жишигт нийцүүлэхээс гадна хэрэглэгчдийн саналыг идэвхтэй тусгах нь чухлыг онцолж, хамтын ажиллагааны олон боломжийн талаар ярилцсаныг төв банк мэдээлжээ.