Улсын заан Б.Бат-Өлзий улирлын анхны түрүүгээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзий энэ улиралд үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт шалгараад байсан бол анхны түрүүгээ авч байгаа нь энэ. Түүний хувьд бөхийн өргөөнд нийт 29 түрүүтэй боллоо. Тэгвэл улсын харцага Б.Цэдэнсодном энэ улиралд өргөөнд анх удаа үзүүрлэсэн юм. Тэр өмнө нь нэг удаа их шөвөгт шалгарсан билээ.
Тус барилдааны их
шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт
хороо, “Увс нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом
сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, улсын гарди
Ө.Бат-Орших нар шалгарлаа.
Наймд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.
Тус барилдааны үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн Монгол бөхийн өргөөний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивлав. Харин МҮБХ-оос үндэсний бөхөө дэмжиж байгаад талархал илэрхийлэн Монгол бөхийн өргөөний дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.