Гёнги мужийн захирагч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-09 12:40:36

СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /Yonhap/. Өмнөд Солонгосын Сангийн сайдаар ажиллаж байсан Гёнги мужийн захирагч Ким Дун Ён ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр зарлажээ. Тэрбээр өөрийгөө Солонгосын эдийн засагт тулгарч буй хямралыг даван туулах туршлага, мэдлэгтэй хэмээн мэдэгдсэн байна.


Ким Дун Ён АНУ-ыг зорихын өмнө Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд  дээрх мэдэгдлийг хийснээр Ардчилсан нам /АН/ доторх сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн сөрөг хүчний хоёр дахь төлөөлөгч боллоо. Түүнээс өмнө парламентын гишүүн асан Ким Ду Кван нэрээ дэвшүүлжээ.


Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургадугаар сарын 3-нд явуулахаар товлосон юм.


БНСУ өнгөрсөн үе рүүгээ буцах уу, ирээдүй рүү урагшлах уу гэдгийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль тодорхойлох болно. Зөвхөн дэглэмийг өөрчлөх нь хангалтгүй. Бидэнд үүнээс илүү том өөрчлөлт хэрэгтэй гэж Ким Дун Ён хэлжээ.


Түүний хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан давуу талаа онцолж, 30 гаруй жилийн хугацаанд олон улсын тавцанд  хэлхээ холбоо бий болгосон гэдгээ дурдсан байна. Мөн популист бодлогоос татгалзахаа амлаад, хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол ерөнхийлөгчийн таван жилийн бүрэн эрхийн хугацааг гурван жил болгон богиносгоно гэлээ.


Ким Дун Ён АНУ-ын өндөр татварт өртсөн Өмнөд Солонгосын автомашины үйлдвэрлэлийн салбарт туслахын тулд Америкийн гурван том компанийн төв байр байрладаг Мичиган муж улсад дөрвөн өдрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.

 


Холбоотой мэдээ