Гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл түгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:21:03

НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдлийг бууруулах өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ өдрийг угтаж Увс аймгийн Онцгой байдлын газар, УЗХороо, Газар хөдлөлийн станц хамтран баасан гарагт нээлттэй хаалганы өдөрлөг явууллаа.

Өдөрлөгийн үеэр гамшгаас хамгаалах талаар төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийг, тэр дундаа галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд сурталчлах, иргэдийн санал бодлыг сонсох, гарын авлага материал тараах, онцгойд шинээр ирсэн машин техникийг хүлээж авах, иргэддээ танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.

   “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэж буй энэхүү өдөрлөгт ард иргэд өргөнөөр хамрагдаж, гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг гарсан тохиолдолд хэрхэн яаж өөрсдийгөө авран хамгаалах талаар мэдээлэл авлаа.

   Аймгийн Онцгой байдлын алба нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтраад ontsgoi.gov.mn вэб сайтыг ажиллуулж байгаа бөгөөд иргэд тус сайтаас  аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох сургалтын материал, гарын авлагууд болон гамшгаас хамгаалах бодлого шийдвэрүүд, тус албанаас гаргаж байгаа сар бүрийн мэдээллийг унших боломжтой аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ