ХӨВСГӨЛ: Өлийн давааны 13 овоог нутгийн иргэд сэргээн засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгалийг зорих аялагч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Хөвсгөл нуурыг жилд 110 гаруй мянган жуулчин ирдэг.
Үүний 60 орчим хувь нь Дархадын хотгорын үзэсгэлэнт байгаль, Хорьдол сардгийн нуруу, Дэлгэрхаан уул, Баруун, Зүүн тайга, Жарганатын гол, Оргихын булгийг зорьдог.
Дархадын хотгорыг зорьж буй хүн бүр Өлийн даваагаар давж 13 овоонд залбирдаг.
Улаан-Уул сумын Засаг дарга Д.Батцэнгэл санаачлан нутгийн иргэдийн дунд
хандивын аян өрнүүлэн Дархадын хотгорын үүд болсон Өлийн давааны 13 овоо болон орчин тойрныг сэргээн засварлан
тохижуулж тахилга наадам хийжээ.
Өлийн давааны 13 овоог XVI зууны үед босгосон түүхтэй.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваа бий.
Давааны чанх орой дээр баруунаас зүүн тийш цувуулж босгосон 13 овоог нутгийн иргэд Өлийн давааны 13 овоо гэдэг.
Тус овооны гарал үүслийн тухай түүхч О.Пүрэв “Монголын феодалын бутрал болж. монголчууд баруун, зүүн өмнөд гэж салан тусгаарлаж байсан дайны хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотнын хүн овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг.
Мөн Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд “Халхын автай хааны хүү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд Шишхэд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн овоог давахдаа 13 овоог босгосон гэж нутгийн өвгөд хуучилж байлаа.
Арван гурван овоо босгосон нь 13 Монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадынхан үздэг.
Тус овоог 1990-ээд оны эхээр
сэргээн засаж эргэн тойрон модон хайс барьж, голын том овоонд идээ будаа өргөх,
зул барих, арц хүж асаах тусгай тавцан засаж Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ,
Цагааннуур сумын иргэд хамтран тахидаг болжээ.