Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдийг зам товчлох, зөвшөөрөгдсөнөөс бусад газарт гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Гол, нуурын мөсний зузаан зарим хэсэгт олон дунджаас нимгэн, цөмрөх эрсдэлтэй тул аюулгүй байдлаа ханган зориулалтын замаар зорчихыг сануулж байна.
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар Хараа голын мөсний зузаан Орхон сумын нутаг Бүрэнтолгой дахь усны харуулын ажиглалтын цэг орчимд 65-83 см, Хүйтэн, Шарын голын мөсний зузаан 50-59 см байна.
Энэ нь өмнөх арав хоногийн хэмжилтээс өөрчлөгдөөгүй буюу зузаан нь нэмэгдээгүй байна. Мөсөн дээрх цасны зузаан өнөөдрийн байдлаар 19-22 см байна.
Хараа гол зарим газар харзлан урсах үзэгдэл ажиглагдаж байгаа тул, цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гол, нуурын мөс 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сарын дунд хүртэлх хугацаанд гүн хөлдөлт, мөсний зузаан нэмэгддэг. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл, агаарын температураас шалтгаалан мөсний зузаан харилцан адилгүй байдаг.
Түүнчлэн энэ жилийн тухайд Хараа, Ерөө, Орхон голын зарим хэсгүүдэд харзалж урсаж байна. Харзны усанд орохдоо гол дээгүүр авто машинаар зорчихгүй, цаашлаад харзны ойр орчмын мөсөн дээр гулгах, тоглох зэргээс зайлсхийхийг зөвлөж байна.