Нутгийн төв хэсгээр өнөөдөр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-13 08:40:49

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн төв хэсгээр өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.


Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхилан зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.


Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.


Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын хөндийгөөр -9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3+2 градус дулаан, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ